| |
2018.03.20. Улаанбаатар хот
Бүрэн эрх нь аль хэдийнэ дуусгавар болсон Р. Нямдорж гэгч Монголын үндэсний бөхийн холбооны тамга тэмдгийг хууль бусаар ашиглаж дураар авирлан ирсэн бөгөөд эдүгээ Монголын үндэсний бөхийн Их Эеийг хууль бусаар зарлаж монголын бөхчүүдийг талцуулж, хагаралдуулж ирсэн бусармаг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр улайран зүтгэж байгааг буруушааж энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Р. Нямдорж түүнийг тойрон хүрээлэгчид Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж нийт бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор байгуулагдсан Монголын үндэсний бөхийн холбоог Р.Нямдорж, Д.Данзан, Л.Мягмар гэх гурван хүний эзэмшлийн хувийн байгууллага болгон хувиргаж дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байгааг Монголын үндэсний бөхийн холбооны Их Эеийг хууль бусаар зарлаж буй зэрлэг балмад явдлаас тодорхой харж болно.
Р. Нямдорж болон түүний тойрон хүрээлэгчдээс 2018.03.24-ний өдөр хуралдуулахаар зарлаж буй Их Эе гэгч нь хууль бус болохыг дараах баримтууд гэрчилж байна. Үүнд:
Нэг.
Баянзүрх дүүргийн шүүхийн 2011.04.26-ны өдрийн 1003 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2011.07.04-ний өдрийн 591 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2011.11.10-ны өдрийн 715 дугаар тогтоолд 2010.12.06-нд хуралдсан МҮБХ-ны 6-р Их Эе болон түүнээс гарсан шийдвэр, 1-9 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь өнөөдөр ч хүчинтэй хэвээр байна. 6-р Их Эеийн хүчингүй болсон 8-р тогтоол нь Цэцдийн зөвлөлийн гишүүдийг баталсан тогтоол билээ.
Гэтэл Монгол Улсын гурван шатны шүүхээр хүчингүй болсон МҮБХ-ны Цэцдийн зөвлөл гэгчийг хуралдуулж эдүгээ хуралдах гэж буй МҮБХ-ны 8-р Их Эеийг зарласан нь утга учиргүй бөгөөд хүчингүй юм. Үүнийг Р. Нямдорж, түүнийг тойрон хүрээлэгчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Учир нь 2010 оны МҮБХ-ны 6-р Их Эеийг Р. Нямдорж Цэцдийн зөвлөлийн хурлаас биш өөрөө санаачилж, Тэргүүлэгчдийн шийдвэрээр хуралдуулсан тул МҮБХ-ны дүрмийг зөрчсөн үндэслэлээр гурван шатны хурлаас хүчингүй болгосон юм.
Хүчингүй болсон Цэцдийн зөвлөлөөс зарласан МҮБХ-ны 8-р Их Эе гэгч бас түүнтэй адилхан хүчингүй хурал болох нь тов тодорхой тул энэхүү хүчингүй, хууль бус хуралд оролцохгүй байхыг нийт бөхчүүдэд уриалж байна.
Хоёр.
2017.05.28-нд Монголын үндэсний бөхийн Ээлжит бус Их Эе хуралдаж МҮБХ-ны тэргүүнээр Л. Чинбатыг сонгосноор Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнийг сонгох асуудлаар Монголын Үндэсний бөхийн ээлжит бус Их эеийг хуралдуулахаар шийдвэрлэсэн Монгол Улсын дээд шүүхийн 2003.07.01-ний өдрийн 403 тоот тогтоол хэрэгжсэн билээ. Тиймээс 2017.06.08-ны өдөр Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэгчийн "Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” 686 дугаар тогтоол гарсан байна.
Үүгээр МҮБХ-ны тэргүүний сонгуультай холбоотой 15 жилийн маргаан дуусч эрх зүйн хувьд нэг талдаа гарч бүрэн шийдвэрлэгдсэн юм. Тиймээс Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэрээр 2017.05.28-нд хуралдсан Монголын үндэсний бөхийн Ээлжит бус Их Эе, түүнээс гарсан шийдвэр хүчин төгөлдөр болох тул шинээр томилогдсон МҮБХ-ны удирдлагыг дэмжин ажиллахыг нийт бөхчүүдэд уриалж байна.
Гурав.
МҮБХ-ны шинээр томилогдсон удирдлагыг үүрэгт ажлаа гардан хийх үйл ажиллагааг нь бүрэн эрх нь дуусгавар болсон Р. Нямдорж, түүнийг тойрон хүрээлэгчид элдээр саатуулж, тамга тэмдгийг хүлээлгэн өгөхөөс зайлсхийж, ажил хүлээлцүүлэх шүүхийн шийдвэрийг саатуулж өнөө хүрэв. Энэ бол танхай балмад үйлдэл бөгөөд шүүхийн шийдвэрийг үл тоомсорлон хууль зөрчиж улмаар МҮБХ, бөхчүүдийг дорд үзэж доромжлан гутааж буй гутамшигт явдал болж байна. Тухайлбал,
а/ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2017.12.13-ны өдрийн 101/ШЗ2017/21235 дугаар бүхий "Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамжийг хэрэгжүүлэхгүй өнөө хүрч ирэв. Уг захирамжинд "Тус шүүхийн 2011.04.26-ны өдрийн 1003 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2011.07.04-ний өдрийн 591 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2011.11.10-ны өдрийн 715 дугаар тогтоолыг албадан гүйцэтгүүлсүгэй” гэсэн байна.
б/ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2018.03.14-ний өдрийн 101/ШЗ2018/04928 дугаар шүүгчийн захирамжийг хэрэгжүүлэхгүй байна. Уг захирамжид "Хариуцагч Р. Нямдоржид нэхэмжлэгч Монголын үндэсний бөхийн холбоо ТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдэгийг ашиглахгүй байхыг даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсугай” гэсэн байна.
в/ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2018.03.20-ны өдрийн 101/ШЗ2018/0525 дугаар бүхий "Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамж гарав. Уг захирамжинд "МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн 2017.06.22-ны өдрийн хурлын Их Эеийн хурал зарласан тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч МҮБХ-д даалгасугай” гэсэн байна.
Энэ бүхнээс үзэхэд Р. Нямдорж, түүнийг тойрон хүрээлэгчдийн хуралдуулахаар улайран зүтгэж буй МҮБХ-ны 8-р Их Эе гэгч нь хууль бус болох нь батлагдаж байна.
Монголын бөхчүүд Р. Нямдорж болон түүнийг тойрон хүрээлэгчид, өв залгамжлагчдын дарангуйллаас салах цаг ирлээ. Монгол Улсын гурван шатны шүүх МҮБХ-ны нэрийг гутаасан олон жилийн хэрүүл тэмцэл, маргааныг нэг талд нь гаргаж өглөө.
Монгол Улсын шүүхээс МҮБХ-ны тэргүүний талаарх маргааныг эцэслэн шийдвэрлэж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх үйл ажиллагаа үргэлжилж байгаа энэ үед, МҮБХ-ны тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглахгүй байхыг шүүхээс даалгасан энэ үед, МҮБХ-ны нэр барьж 2018.03.24-нд хууль бусаар хуралдуулахаар зарласан Их Эеийг хуралдахыг нь хориглосон Шүүхийн захирамж тухайлан гарчихаад байгаа энэ үед МҮБХ-ны 8-р Их Эе гэгчийг хуралдуулах нь хууль бус бөгөөд утга учиргүй зүйл юм.
Тиймээс хууль бусаар зарлагдаж буй МҮБХ-ны 8-р Их Эе гэгчид очихгүй, оролцохгүй байхыг нийт бөхчүүдэд уриалж байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

