| |

Хир толбо болсон хүрэн улаан дээлтэй, үс нь тачирдаж элэгдсэн үнэгэн малгай духдуулсан эмээ өглөө болмогц гэрээсээ яаран гардаг. Тэрбээр хуучнаар "Ард” кино театрын гэгдэх автобусны буудлын хажууханд үргэлж сууж "Эмээдээ сүүний мөнгө өгөөч” хэмээн амандаа бувтнана. Горьдлого тээж өмнөө тавьсан цаасан хайрцагт нь мөнгө хийх хүн тун ховор. Өдөр бүр нэг газраа сууж гуйлга гуйхад нь хөөрхий хөгшнийг зарим нэгэн түвэгшээх нь ч бий. Гэхдээ хөөгдөж туугдан байж өдрийн хоолныхоо мөнгийг залгуулсаар хатуу орчлонг элээж явна.
Нулимсаа дотогш залгин гэрээсээ гардаг даа
Насны эцэст зовлон дунд бэдэрч яваа хөөрхий хөгшинтэй бид уулзаж ярилцлаа
-Та өөрийгөө танилцуулж болох уу. Таны тэтгэвэр хүрэлцдэггүй болоод та ийн цайны сүүний мөнгө гуйж суудаг юм шиг санагдах юм?
-Тийм ээ, миний охин. Намайг Долгор гэдэг. Сүхбаатар аймгаас гаралтай. Улаанбаатар хотод ирээд олон жил болж байна. Эмээ нь залуудаа зоргоороо амьдарч ирснийхээ горыг одоо амсаж суугаа хүн. Аль сайхан морийг унаж гангараад л, ажил төрөл ч хийхгүй нөхөртөө эрхэлж, нөмөр нөөлөгт нь амьдарч явлаа. Манай нөхөр 1980-аад оны сүүлээр нас эцэслэсэн, хөөрхий. Түүнээс минь хойш миний амьдрал доройтсон доо. Залуудаа хөдөлмөрлөөгүй хүнд тэтгэвэр олддоггүй юм байна. Хүүхдүүдээсээ байнга мөнгө авахаас санаа зовох юм. Аргагүйн эрхэнд хүйтнийг үл ажран энд ирж суудаг. Ажил хийх гэхээр надад чадах зүйл алга.
-Та нас сүүдэр хэд хүрч байна. Залуудаа нэг жил ч ажил хийж байгаагүй гэж үү?
-Эмээ нь одоо 87 настай. Нөхрийн сайнд л амьдарсан хүн. Ажил хийж, нийгмийн даатгал төлж байгаагүй хүнд тэтгэвэр өгдөггүй юм билээ. Би хөөцөлдөж үзсэн. Нэг үе миний амьдрал маш хүнд байсан. Айлын байшин түрээсэлж, сард төлөх түрээс, бас идэх хоолныхоо мөнгийг олохын тулд өглөө эрт гэрээсээ гардаг байлаа. Харин одоо өөрийн гэсэн гэртэй болж, түрээс төлөхгүй санаа амар байна. Гэхдээ л өдөрт гарч хэдэн төгрөг олохгүй бол хоол, ундныхаа мөнгийг яах билээ дээ. Уг нь гуйлга гуйж мөнгө олох санаа зовмоор зүйл л дээ. Гэхдээ аргагүй болсон би насны эцэст юундаа ичих вэ дээ. Нулимсаа дотогш залгиад л гэрээсээ гардаг юм.
-Таныг хороо, дүүргээс чинь харж үздэггүй юм уу. Хүүхдүүд чинь ажил хийдэг үү?
-Хүмүүсээс гуйлга гуйгаад өдөрт хэдэн төгрөг олж байна, та. Амьжиргаанд хүрэлцдэггүй биз дээ?
-Янз бүр л байдаг. Мэдээж гуйлга гуйгаад тэгтлээ их мөнгө олно гэж байхгүй шүү дээ. Залуудаа жаргалдаа ташуурч байхдаа хүн хожим юу болохыг мэдэхгүй юм даа. Ингэж суух бүртээ залуу даа ажил хийх минь яав даа гэж харамсдаг. Өрөвдөөд хэд гурван төгрөг өгөх хүн байхад зарим нь хараагүй мэт царайлаад өнгөрөх нь бий. Нас ахих тусам нутаг ус минь их бодогддог боллоо. Сүхбаатар руу явж үзмээр санагддаг ч чадахгүй юм. Миний хамаатан саднууд тэнд л бий. Одоо ч хамаатнуудаа танихгүй болсон байх даа. Бид ийн ярилцаад эмээд цайны сүүний мөнгөнд нь нэмэр болгож хэдэн төгрөг өгөөд явлаа. Гадаа чамгүй хүйтэн, жаахан суухад хацар жиндэж даарч хөрч байхад хөөрхий хөгшин амнаасаа уур савсуулан хажуугаараа өнгөрөх хүмүүсээс цайны мөнгө гуйсан үгээ дахин давтан хэлсээр ард хоцров. Түүн шиг ийн гуйлга гуйж өдөр хоногийг элээж буй хөгшид сүүлийн үед нэлээд их байдаг болжээ. 120 мянгатын нүхэн гарц дотор суудаг өвөөтэй бид мөн уулзсан юм. Жижиг цаасан хайрцаг урдаа тавьж "мөнгө хайрла” хэмээн зөөлөн дуугарах настан гуйлга гуйж суугаагаа гайхуулах зүйл биш хэмээн санаа зовж, ярилцлага өгөхөөс татгалзлаа. Түүний өмнөх хайрцагт 20, 100, 500 төгрөгийн дэвсгэрт гээд ердөө мянга хүрэхгүйтэй хэдэн төгрөг харагдав. Нэлээд хэд хоногийн өмнө энэ хөгшинтэй ийн хуучилснаас хойш тэрбээр хэсэгтээ л харагдсангүй.
Халамжийн мөнгөөр амьдрах аргагүй болохоор гудамжинд хуур тоглодог
МУБИС-ийн өмнөх нүхэн гарц дотор үргэлж морин хуурын ая эгшиглүүлж суудаг хижээл насны эрийг С.Жаргалсайхан гэ-дэг. Түүнийг сураглаж очвол хажууханд нь эсгий таавчиг зарж суудаг эрэгтэй "Хоёр өдөр үзэгдсэнгүй. Халтирч унаад эгэмээ хугалсан гэсэн. Хуураа татдаг гар нь гэмтээд, зүүн гараараа тоглож суусан” хэмээлээ. Биднийг нүхэн гарцаас гарахаар эргэхэд тэрбээр хуураа барьсаар орж ирж таарсан юм. Ингээд түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Таныг энэ нүхэн гарц дотор морин хуур тоглож, хэд гурван төгрөг олж амьдрал ахуйгаа залгуулдаг гэсэн. Өдөрт хэчнээн төгрөг олдох юм бэ дээ.Тэтгэвэр тань хүрэлцэхгүй болохоор ингэж сууна уу?
Би тэтгэвэр авдаггүй ээ. Залуудаа хүнд гэмтэж, хөдөлмөрийн чадвараа алдсанаас олон жил халамжийн мөнгөөр амьдарч байна. Халамжийн хэдэн төгрөгөөр юу ч авч хүрэлцдэггүй. Өвөө нь ганц зээ охинтой. Тэрэндээ дэм болох гэж энэ нүхэн гарц дотор морин хуур тоглож хэдэн төгрөг олдог юм. Амьдрал өдөр ирэх тусам хүнд болж байна. Хүнсний гол хэрэглээ болсон махны үнэ бүр тэнгэрт хадлаа. Цалин, тэтгэвэр нэмлээ гэх бүрт хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Энэ нь бага орлоготой хүмүүсийг амьдрахын аргагүй болгох юм. Халамжийн мөнгө хараад суувал амьдрах бололцоогүй шүү дээ. Аргаа барахдаа хүйтэн цементэн дээр сууж, хуур тоглон хоолны хэдэн төгрөг горьдож явна.
-Өдөрт хэдэн төгрөг олдог вэ. Ахмадуудад үзүүлдэг эмийн хөнгөлөлт, рашаан сувилалд амрах эрхээ эдэлж чаддаг уу. Дүүргийнхээ халамжийн байгууллагад хэр ханддаг вэ?
-Тогтмол орлого биш болохоор хэл бэлзэлтэй байдаг. Ихдээ өдөрт 20 мянган төгрөг, заримдаа таван мянган төгрөгтэй ч харих үе бий. Цагдаад хөөгдөж туугдан ингэж суух амаргүй л дээ. Гэртээ гараа хумхиад суухаар голоо зогооход хүнд байна. Тиймээс чаддаг зүйлээрээ л хэд гурван төгрөг олохоос өөр аргагүй. Заримдаа архичид олсон орлогыг маань булаагаад авчихдаг. Ийм үед хоосон харих энүүхэнд шүү дээ. Хорооны халамжийн үйлчилгээнд тэр бүр хамрагдаж чаддаггүй. Рашаан сувилалд хөнгөлөлттэй амраадаг гэж сонссон. Би өөрийн биеэр элдэв хөнгөлөлтөд хамрагдаагүй болохоор мэдэхгүй юм даа. Улаанбаатарт амьдрал сайхан гэж бодож алс баруун хязгаараас зорьж ирсэн л дээ, ах нь. Уугуул нутаг маань Увс аймаг. Хотод ирээд 25 жил амьдарч байна.
-Та морин хуураар их сайхан тоглох юм. Урлагийн мэргэжилтэй юм уу?
-Залуудаа сонирхоод сурсан юм. Одоо энэ хуур миний аминд орж байна. Урлаг энэ тэр гэж явсангүй. Малчин байж байгаад мориноос унаж хүнд гэмтээд, группт орсон.
Дуу дуулж мөнгө олох соёлтой гуйлга
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

