| |

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн талаар тус бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Монгол Улсын иргэн бүр одоогоор 14 сая төгрөгийн өртэй байна. Сүүлийн 24 жилд авч байгаагүй их өрийг гуравхан жилийн дотор энэ удаагийн Засгийн газар авсан байна. Монголчууд сар шинийн баяртаа ямар нэгэн өр ширгүй орохыг бэлэгшээдэг ч одоо бол төр засгийн удирдлагууд өр авч байж асуудлыг шийдэж байна. МАН засаг барьж байх үед Оюутолгой, Тавантолгойн асуудал шийдэгдэж иргэдэд үр өгөөжээ өгч байсан. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болмогцоо Тавантолгойг хөдөлгөж иргэн бүрт 100 мянган төгрөг өгнө гэж амлаж байсан. Сар шинийн баяраас өмнө энэхүү 100 мянган төгрөгийг иргэддээ өгөхийг манай намаас сануулж шаардаж байна. Мөн сар шинийн баяраас өмнө малчдын зээлийн хүүг бууруулна гэж амалсан. Энэхүү амлалтаа хий хоосон зүйл болгохгүйгээр иргэдээ тур дундаа малчдыг баярлуулах хэрэгтэй. Мөн шатахууны үнийг яаралтай бууруулах хэрэгтэй” гэсэн юм.
Мөн сар шинийн баяраас урьтаж жилийн найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулж иргэдээ баярлуулахыг Засгийн газраас хүсч байгаагаа илэрхийллээ.
Энэ үеэр сэтгүүлчдийн асуусан асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт ийнхүү хариулсан юм.
-ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах асуудалд МАН завсарлага аваад байгаа. Энэ асуудал бүлгийн зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
-Үндсэн хуулийн цэцийн гишүүний асуудлыг оруулж ирэхдээ УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тодорхой заалтуудыг зөрчсөн. Тухайлбал, УИХ-ын дэгийн тухай хуулийн 4.4-д тухайн долоо хоногт тухайн байнгын хороодоор хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын зөвлөл хэлэлцсэн байх ёстой ч хэлэлцээгүй. Тиймээс энэхүү өргөн баригдах процесс болон үйл явц нь өөрөө хууль зөрчсөн юм билээ. ҮХЦ-ийн тухай хуулинд цэцийн гишүүн нь гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон эсвэл хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон бол түүнийг эгүүлэн татах тухай цэцийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно гэж заасан байгаа. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд хэд хэдэн хууль болоод Үндсэн хуулинд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн. Мөн УИХ-ын дарга ҮХЦ-ийн хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох ёстой. Гэхдээ цэцэд З.Энхболдыг хууль зөрчсөн асуудлыг хянаж байгаа тул ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн дээрх итгэмжлэгдсэн төлөөлөгчийг УИХ-ын дэд дарга нар томилох ёстой.
-ОХУ-д манай улсын Засгийн газар 3.8 сая ам.долларын өрийг 30 хоногийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээгээд байна. Энэхүү өрийг төлөх боломж байгаа болов уу?
-2010 онд одоогийн Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд байхдаа Монгол улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдтой Монголросцветметийн төлбөрийг их өрийг уламжлалт харилцааны дагуу шийдвэрлэхээр тохирсон. Үүний дагуу Төрийн Думаар хэлэлцэж, Холбооны зөвлөлөөр өрийг чөлөөлөх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл 2010 онд хоёр улсын ерөнхий сайдын хэлэлцээрийн дагуу их өрийг тэглэсэн зарчимтай адил гэж үзээд 2.5 хувьд ногдох 3.8 сая ам.долларыг 30 хоногийн дотор барагдуулахаар болсон. Үлдэж буй 97.5 хувийг шууд тэглэсэн. Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэхгүйн тулд энэхүү өрийг төлж барагдуулах учиртай. Хэрэв төлөхгүй, мөнгөгүй гэж шалтаг тоочвол 178 орчим сая ам.долларын өрөнд унах болно.
Д.ЖАРГАЛ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

