| |
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэсэн "Монгол дахь Мүүн ажиллагаа” сурвалжлага өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиал ертөнцөд шуугиан дэгдээлээ.
Уг сурвалжлагыг "С1 телевиз” эфирээрээ гаргах боломжгүйгэсэн гэж Л.Мөнхбаясгалан мэдэгдсэн. "Мүүний тухай сурвалжлагыгУИХ-ын гишүүн Х.Баттулгын телевиз гаргахгүй байна гэдэг зүгээр л шоу.
Анхнаасаа тэр сурвалжлагыг Х.Баттулга өөрийн шалгагдаж буй төмөр замын хэргээсээ олны анхаарлыг холдуулахын тулд хийсэн.
Мөн Төмөр замын хэргийг хэрхэн шийдвэрлэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүч, нөлөө ихээхэн тул түүнийг Мүүний шашныг Монголд дэлгэрүүлсэн баримтыг олонд ил болгох зорилготой байсан. Өөрөөр хэлбэл, Х.Баттулгын хэрэг эвгүйтээд ирэнгүүт Ерөнхийлөгчийг нэг ёсондоо шантаажилсан” гэж байр сууриа илэрхийлэх хүмүүс ч олон байна.
Юутай чуг сурвалжлага "С1 телевиз”-ээр гараагүй, харин сошиал ертөнцөд хангалттай тархав.
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан уг сурвалжлагаа ямар нэгэн хяналтгүй ажилладаг гэж өөрсдийгөө зарладаг "Монгол HD” телевизээр гаргаж өгөх хүсэлтийг тэдэнд фэйсбүүкээрээ дамжуулан тавьсан. Тэгвэл тус телевизийн зүгээс дараахь хариултыг өгчээ.
"МОНГОЛ HD” МҮҮНИЙ ТУХАЙ ДАРААГИЙН НЭВТРҮҮЛГИЙГ БЭЛТГЭНЭ
Тус телевизийн зүгээс Л.Мөнхбаясгаланд өгсөн хариундаа,
"Монгол телевизийн хамт олон бид ч мөн Монгол улс дахь МҮҮН гэх үйл ажиллагааны талаар сэтгэл эмзэглэж байгаа болно.
Энэ сэдвийн хүрээнд сэтгүүлч Б.Мөнхбаясгалан болон түүний баг "Цензургүй сурвалжлага Монгол дахь МҮҮН ажиллагаа” нэвтрүүлгийг бүтээсэн явдалд талархаж түүний хичээл зүтгэлийг өндрөөр үнэлэн дэмжиж байна. Тэрбээр өөрийн Facebook хуудсаараа дамжуулан уг нэвтрүүлгээ манай телевизээр гаргахыг хүссэн юм.
Хэдий бид уг сэдвийн чухлыг ойлгож байгаа ч тус нэвтрүүлэгт дурдагдсан бүх мэдээллийг өөрийн редакцын хүрээнд нягтлан шалгалгүйгээр нэвтрүүлэх боломжгүй болно.
Бид сэтгүүлч Б.Мөнхбаясгалангийн ажлыг үлгэрлэл болгон энэ талаар онцгойлон анхаарч МҮҮН-ий талаар цуврал нэвтрүүлгийг өөрийн редакцын стандартын дагуу бэлтгэн хүргэхээр тусгай ажлын хэсэг гарган ажиллахаар шийдвэрлэснээ мэдэгдэж байна.
Монгол улсын үндэсний үнэт зүйлс дархан байх ёстой” гэх хариултыг "Монгол HD” телевизээс өгчээ.
МҮҮНИЙ СЭДВИЙГ "ТОЙМ” ТОМООР ХӨНДӨЖ БАЙЖЭЭ
"Монгол дахь Мүүн ажиллагаа” сурвалжлагад Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа буюу 2005 онд Мүүний шашныг үндэслэгч Сан Мён Мүүнийг Монголд урьж байгаа үйл явдлын баримт гарч байгаа.
Мөн тэр үед ЗГХЭГ-ын дарга байсан С.Баярцогт телевизэд ярилцлага өгч байгаа хэсэг гарч байгаа юм. Тэднээс гадна хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтнууд Мүүнтэй холбоотой гэнэ.
БСШУЯ-ны газрын дарга Б.Насанбаяр одоогоор Мүүний Монгол дахь урсгалын хамгийн идэвхтэй гишүүн бөгөөд түүнийг боловсролын салбар дахь эрх мэдлээ ашиглан уг гаж урсгалынхаа үзэл номлолыг түгээж байгаа гэж уг нэвтрүүлэгт өгүүлж байна.
Б.Насанбаярыг Мүүний гар хөл гэдгийг "цэнхэр үст” Цэрэн хэмээх аялал жуулчлалын компанийн захирал сүүлийн хоёр жилийн турш идэвхтэй зарласан билээ.
Гэхдээ Мүүн, түүний гаж урсгал, манай төрийн томчууд холбоотой тухай анх удаа шуугиж буй биш юм. Энэ тухай аль 2000 оны үеэс шар, бор хэвлэлүүдээр олонтаа гарсан бөгөөд 2011 онд "Тойм сэтгүүл” томоор хөндөж байжээ.
"Тойм”-ын эрхлэгч Д.Батбаярын 2011 оны нийтлэл http://batbayar.niitlelch.mn/content/3318.shtml энэ байна. 2011 онд "Хүн гүрнээс гаралтай энхийн их наадам” гэгчийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулсан тухай энд бичиж. Уг наадмыг Мүүний "Дэлхийн энхийн их наадам” ТББ, манай Засгийн газар хамтран зохион байгуулжээ.
Засгийн газраас 150 сая төгрөг гаргасан уг наадмын зохион байгуулах хорооны даргаар тухайн үеийн Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ажилласан байна. "Найр наадам гэхээр ухаанаа тавьдаг монгол зангаараа манай төр Хён Жин Мүүнд хулхидуулсан бололтой” гэж нийтлэлч Д.Батбаяр бичсэн байна.
Д.Батбаярынхаар хэдэн зуун жилээр дагасан шарын шашнаа ч өөдтэй шүтдэггүй монгол хүн Мүүнд хавтгайран автталаа өдий гэнэ."Ачир дээрээ бол монгол хүнийг ямар ч Бурхан эзэмдээгүй гэдгийг мэдэхгүй яваа Мүүний хүү л эцэстээ алдах байх” гэжээ.
Baabar.mn-д мөн Мүүний сэдвээр дараахь нийтлэлүүд гарч байжээ.
Энэ бүхнээс Монголын улстөрийнхнөөс нэлээд нь ямар нэг байдлаар Мүүнтэй холбогдсон, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань Чингисийн ёслолгоо гэх нэрээр Мүүний ёслолгоог хийдгийг ч мэдэж болно. Түүнчлэн Б.Насанбаярын Мүүний ажиллагааг илчилсэн гэрэл зургууд ч байна.
Б.НАСАНБАЯР МҮҮНИЙ ГИШҮҮН БАЙХ НЬ Ч БАЙЖЭЭ

Л.Мөнхбаясгалан шуугиан тарьсан сурвалжлагаараа мэдээж Мүүний урсгал гаж болохыг, тэр нэрийн дор бохир наймаа явагддагийг, Монголд Мүүнтэй холбоотой ТББ-ууд, компаниуд байдгийг гаргаж тавьсан.
Тэдгээр ТББ, компаниудын Удирдах зөвлөлд "гол баатар” Б.Насанбаяр байдаг гэх.Хамгийн гол нь Б.Насанбаяр Мүүний холбооны идэвхтэй гишүүн байсан гэдгээ нэвтрүүлгийн дараа өөрөө ярив.
Гэхдээ Мүүний үзэл номлолыг боловсролын салбарт түгээж байгаа гэх хардлагаа яг таг баримтаар баталгаажуулж чадсангүй. Энэ баримт баталгаажихгүй байсан ч Мүүний байгууллагад ажиллаж байсан нь үнэн учраас ёс зүйн хувьд зөрчилтэй болчихож байгаа юм. Тиймээс төрийн албаны ёс зүйг эрхэмлэн Б.Насанбаяр ажлаа өгчихвөл хэн хэндээ амар санагдана. Мүүний урсгалыг дэлгэрүүлээгүй ч байж болно, гол нь ийм асуудалд холбогдсон гэдэг утгаараа тэр төрийн албанд ажиллах ёс зүйгүй юм.
Ямар ч байсан Ерөнхийлөгч, Засгийн газраасаа эхлээд холбогдсон юм чинь энэ гаж урсгал далд хэлбэрээр хүчтэй тархсан юм байна гэх айдас хүйдсийг уг нэвтрүүлэг нэг хэсэгт автууллаа. Тиймээсхоёрдогч эрэн сурвалжлагыг өөр хэн нэгэн хийгээсэй, харьцуулж бодит мэдээллийг авах юмсан гэх хүсэлтэй хүмүүс ч байна. Үүнд "Монгол HD”-гийн баг хариу өгнө гэдэгт найдна.
МҮҮНД ИТГЭГЧ ТИЙМ ОЛОН ГЭЖ ҮҮ...
Нөгөө талаар Мүүний тухай нэвтрүүлгийг үзсэн хүмүүс төрийн нэр бүхий удирдлагуудад зэвүүцэж байна.
Ерөнхийлөгч нь, ЗГХЭГ-ын дарга нь, УИХ-ын гишүүд нь "төрийн хэмжээнд” дэлгэрүүлсэн байхад бухимдан бачимдах нь аргагүй.
Тиймээс Сан Мён Мүүн гэгчийг 2 ч удаа урьжавчирсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тайлбар хийх хэрэгтэй санагдана. Мүүнтэй холбоотой гэх ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, бусад УИХ-ын гишүүд ялгаагүй.
Мүүний энх тайвны наадмыг яагаад "Хүн гүрний” болгож зохион байгуулснаа ч тухайн үеийн төр, засгийн удирдлагууд тайлбарлах хэрэгтэй. Нийтлэлч Д.Батбаярын хэлснээр магадгүй дарга нар маань хууртагдсан байж болно. Түүнийгээ хэлэхгүй бол нэг хэсгийг айдаст автуулсан Мүүний сэдэв та нөхдийн нэр сүрд ч халтай юм.
Ер нь Монголын төрийн нэр бүхий удирдлагууд Мүүнтэй ямар холбоотойгоо л тайлбарлачих. Д.Батбаярын нийтлэлд Монгол дахь Мүүннист нэгэн http://www.tsuurai976.blogspot.com/ хэмээх блог хөтөлдөг тухай дурджээ.
Гэхдээ 2011 оноос хойш блогоо хөтлөөгүйг бодоход эзэн нь Мүүнд итгэхээ больсон бололтой юм. Нэг хэсэг бал, оймс зарж гүйдэг байсан залуус ч бараг үзэгдэхээ больсон. Энэ бүхнээс Монголд Мүүнд итгэн бишрэгчид тийм их хавтгайрсан гэдэг юу л бол... гэх бодол төрмөөр. Гэхдээ төрийн өндөр албан тушаалтнууд, бүр Ерөнхийлөгч нь холбогдчихсон байна гэдэг гамшиг.
Мүүнийхний уг зорилго мөнгө олох, бизнес хийх юм бол энэ
чиглэлийн ТББ-ууд, компаниуд бий байх. Тэдэнтэй БСШУЯ-ны газрын дарга
Б.Насанбаяр үнэхээр холбоотойг яг таг батлах дараагийн эрэн сурвалжлагыг
сэтгүүлчид хийж таарна.
Гол нь дээрх нэр бүхий өндөр албан
тушаалтнууд тайлбар, мэдэгдлээ хийх хэрэгтэй юм. Ялангуяа энэ
шуугианаар Мүүнийг нийтээрээ мэддэг болсон учраас яагаад Мүүний ёсолгоог
төрийн ёсолгоонд авч хэрэглэсэн юм бэ гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос
асуумаар санагдаж байна.


Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

