| |

Их хурлын төлөөлөгчөөр нийслэл, хөдөө орон нутгаас сонгогдсон 1000 гаруй гишүүн оролцох ёстойгоос хурлын ирц 80 хувьтай буюу 800 төлөөлөгч оролцож байгаа аж.
МАХН-ын Их хурлын эхний өдөр буюу 12 сарын 9-ний өдрийн хуралдаанаар "цочирдом” шийдвэр гаргасан нь намын дарга Н.Энхбаярыг нийт төлөөлөгчдийн 60 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, улс төрийн хариуцлага тооцсон явдал байлаа. Энэ үйл явдал олны анхаарлыг төдийлөн татахгүй байсан МАХН-ын Их хурлыг анзаарч ажиглах шалтгаан болох нь тэр.
Их Хурлын олонхийн шийдвэрээр Н.Энхбаярыг намын даргаас нэгэнт чөлөөлсөн тул шинэ намын даргыг сонгох шаардлага үүссэн. Тиймээс үргэлжлүүлэн намын шинэ даргыг сонгох санал хураалтыг зохион байгуулахаар болж танхимаас МАХН-ын УИХ дахь ганц төлөөлөл О.Баасанхүү болон Нийслэлийн намын хорооны дарга Г.Бямбасүрэн нарын нэрийг дэвшүүлж, улмаар санал хураалтын дүнгээр нийт төлөөлөгчдийн 94.4 хувийн саналаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар сонгов.
Гэвч Төрийн ордонд зохион байгуулж буй энэ Их хурлыг МАХН-ын лидерүүд болох Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж, Н.Удвал, З.Баянсэлэнгэ нар хууль бус хэмээн мэдэгдэж эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянаас энэ Их хурал албан ёсны эсэх талаар утсаар тодруулахад, "Манай нам Их чуулганаа ирэх оны хоёрдугаар сарын 09-ний өдөр хийнэ” гэж мэдэгдсэн юм.
МАХН-ын нүүр царай болсон, одоо энэ намын дүрэм журмын дагуу удирдаж буй Н.Энхбаяр тэргүүтэй лидерүүд нь оролцоогүй Их хурлыг энгийн логикоор бодоход албан ёсных гэж дүгнэхэд үнэхээр эргэлзээтэй. Хамгийн гол нь О.Баасанхүүг дүрэм журмын дагуу намын дарга болсныг гэрчлэх, бататгах гол хүчин зүйл бол намын даргын тамга! Аль ч намын Их хурлаар намын дарга шинээр сонгогдсон тохиолдолд хурлын төлөөлөгчдийн өмнө хуучин намын даргаас тамгыг шилжүүлэн авдаг номтой. Адаглаад МАХН-ын хоёрдугаар Их хурал хэмээн нэрийдэж буй энэ хурлаар О.Баасанхүү тамга гардаж авсангүй. Тамгагүй намын дарга хэрхэн анхны албан ёсны шийдвэрээ гаргаж Бага хурлын төлөөлөгчөөр сонгогдсон гишүүдийг баталгаажуулах билээ?
.jpg)
Хэдийгээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ удаагийн Их хурлыг албан ёсных хэмээн мэдэгдэж буй ч тамга тэмдгээс өгсүүлээд эргэлзээ дагуулах олон зүйл байна. Бас нэгэн эргэлзээ нь энэ удаагийн Их хурлыг МАХН-ын удирдлагууд зарлан зохион байгуулаагүй, төв намаас санхүүжилт төсөвлөөгүй юм бол 1000 гаруй төлөөлөгчдийн хөдөө орон нутгаас ирэх зардал, зочид буудалд байрлах, унд хоолны мөнгө болон хурлын урсгал зардалд зарцуулагдах хөрөнгө мөнгийг хэн гаргасан байж таарах вэ? Намын шинэхэн дарга О.Баасанхүү өөрийнхөө халааснаас энэ бүх зардлыг гаргасан байж таарах уу гэх эргэлзээ хэдий нь үүсчихлээ. Энэ талаар одоогоор О.Баасанхүү гишүүн албан ёсны тайлбар хийгээгүй байгаа ч О.Баасанхүүгийн ард Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа гэх хардлагыг дэвшүүлэх улс ч олон байна. Харин зарим сэжиг таамагт генерал Б.Хурцыг өмгөөлж, хамгаалсныхаа шанд хүртсэн мөнгөөр энэ Их хурлыг элбэг хангалуун хийж байна гэх хардлагыг ч дэвшүүлээд байна. Гэвч энэ бол ердөө л хардлага, сэжиг таамаг төдий зүйл. Энэ талаар дуугай сууж чаддаггүй О.Баасанхүү гишүүн тайлбар хийх нь дамжиггүй биз ээ.
Хурлыг хэний халааснаас гарсан мөнгөөр зохион байгуулсан бэ гэдэг аяндаа шийдэгдэх асуудал. Үүнээс гадна өөр нэг ноцтой "хардлага” байгаа нь О.Баасанхүү МАХН-ыг санаснаараа шинэчлэж, удирдлагыг гартаа авсан даруйдаа МАХН хэмээх намын нэрийн товчлолыг Монголын Ардчилсан Христийн Нам болгон өөрчлөх хэтийн зорилго агуулж байгаа гэх. Энэ хүсэл зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд Монголын улс төрийн амьдралд идэвхитэй байдаг аль нэг улс төрийн намын гишүүнчлэлтэй Христэд итгэгч хуульч, өмгөөлөгч, эдийн засагчдыг намдаа цуглуулж Германы Христийн ардчилсан нам лугаа шударга нэр цэвэр улс төрчдөөс бүрдсэн нам байгуулна хэмээн ярьж яваа сурагтай.
Хамгийн эхний нүүдэл нь Иргэний Зориг Ногоон Намын анхан, дунд шатны удирдах албан тушаал хашдаг пасторуудыг намдаа урих гэнэ. Учир нь ИЗНН-д Монголын Христэд итгэгчид олноор гишүүнчлэлтэй байдаг нам аж.
Юутай ч, УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ыг "Монголын Ардчилсан Христийн Нам” болгох эхний нүүдлээ амжилттай хийж чадлаа. Ер нь МАХН-ыг шинэчлэлд уриалж буй Г.Бямбасүрэн, Ч.Мөнхбаяр нарын ард энэ бүх хугацаанд О.Баасанхүү байсаар ирсэн нь үнэн. Хөшигний араас удирдах ухаанд ч дадмаг суралцаж буйгаа, нам доторхи төрийн эргэлт хийх хэмжээнд хүртлээ чадваржсан улс төрч болж буйгаа О.Баасанхүү гишүүн нотлон харууллаа. Гэвч түүний өрсөлдөгч нь "Үхэшгүй мөнх”, "Барагдашгүй хэмээх” хөдөлгөөн бүхэн нь мэх болдог "Number One” гэдгийг сайтар тооцоолсон л байгаа даа?
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

