| |
Шатахуун импортлогчид болон төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтарсан Үнийн зөвлөл энэ сарын 18-нд хуралдаж шатахууны нийт хэрэглээний 90 хувийг эзлэж буй "АИ-92”, "А-80” бензинийн үнийг нэмэхгүй байх зөвлөмж гаргасан. Харин "А-95”, "А-98”, "Евро-5” зэрэг шатахууны нэмэгдсэн үнийг бууруулахгүй байж болно гэж үзсэн юм. Гэсэн хэдий ч шатахуун түгээх станцууд АИ-92-ыг борлуулахгүй байна. Эх сурвалжийн хэлж буйгаар ОУВС-гийн зүгээс ямар байр суурь баримтлахаар байгааг нь харзнан түгээх станцуудаар борлуулалт хийхгүй хязгаарлажээ.
Эдийн засгийн сэтгүүлчдийн "Өөрчлөгч” клубээс төр, хувийн хэвшлийн холбогдох албаны төлөөллийг оролцуулан "Шатахууны үнэ ба эдийн засагт үзүүлэх үр нөлөө” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлэгт Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбоо, УУХҮЯ, СЭЗДС, ШӨХТГ, Нефть хийн бүтээгдэхүүний ассоциаци болон МҮХАҮТ-ын төлөөллийг урьсан боловч Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар хэлэлцүүлэгт оролцов.
Б.Лхагважав: Хувийн хэвшлийнхэн Засгийн газрыг сайхан харагдуулах гэж ажилладаггүй
Ч.Чулуунбат: Өдрийн цагаар түгээлтийг хориглосноос хомсдол үүссэн
Салбарын яамны мэдээллээр улсын хэмжээнд 30 хоногийн нөөц бий хэмээн зарласны дараахан шатахуун түгээх газрууд хязгаарлалт хийж эхэлсэн. Гэвч албаны эх сурвалж хомсдол үүсээгүй хэмээн тайлбарлаж байсан билээ. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат ийнхүү тайлбарлав. Тэрээр "Сүүлийн үед үүсээд байгаа эрэлтийн тухайд Зөрчлийн хууль батлагдсанаас хойш өдрийн цагаар түгээлт хийхээ больсон. Үүнээс үүдэн эрэлт нэмэгдсэн үед түгээлтийг хориглосноос хомсдол үүсэх нэг шалтгаан болж байгаа. Энэ асуудлыг зохицуулах зөвлөмж гаргасан” гэв. Өнгөрсөн оны аравдугаар сараас импортлогч компаниуд алдагдалд орсон нь үнэн гэдгийг ч тэрээр батлав. Үнэндээ Засгийн газраас татвараар зохицуулах боломж тун бага хэмээн тайлбарлаж байлаа. Ирэх сарын 25-нд ОУВС-тай хэд, хэдэн асуудлыг эргэн хэлэлцэх учиртай аж. Тиймээс ямар үр дүн гарахыг импортлогчид хүлээж байгаа тухай албан бус эх сурвалжийн мэдээлэл бий.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Засгийн газраас шатахууны үнэ барих арга хэмжээ авч ирсэн. 2016 онд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар эрх бүхий 87 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авч ажилласан. Импортлогчдын хувьд гурав орчим хувийн ашигтай ажиллахыг хичээдэг. Ингэхээр ашгийн хэмжээ нь маш бага гэдгийг харж болох юм. Тиймээс дэлхийн зах зээлийн үнэтэй уяж аажмаар шатахууны үнийг нэмэх замаар асуудлыг шийдэх хэрэгтэй. Импортолсон 1.5 сая тонн шатах тослох материалын 1.3 сая нь автобензин, дизелийн түлш эзэлдэг байна. Үүнээс 33 хувь нь автобензин байдгийг мэргэжилтнүүд хэллээ.


Д.Оюунчимэг /ЗУУНЫ МЭДЭЭ/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

