| |
![]()
Газар ямар унэтэй вэ гэдгийг ил болгосноороо энэ удаагийн дуудлага худалдаа унэ цэнэтэй байв
"Монгол бизнесмэн найзуудтайгаа хамтарч дэлхийд гайхагдах "Монгол тауэр” барина. Энэ талаар удахгүй хэвлэлийн хурал хийж мэдээлнэ” гэсэн "З.Абдулкарим”-ын үгс өчигдөр твиттэр хуудаснаа трэнд үүсгэлээ. "Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилга, газрын дуудлага худалдаа болсны дараа цахим ертөнцийн хайлт "З.Абдулкарим” гэсэн нэрсээр дүүрч, жиргээнд ч ийм нэртэй хаяг цаг алдалгүй үүсч байсан юм.
Харин нөгөө талд Улаанбаатарын А зэрэглэлийн бүсийн алга дарам газар 24 тэрбумын үнэ хүрдэг гэдгийг харуулсан дуудлага худалдаа өөрөө жинхэнэ тэсрэлт болов.
Нийслэлийн "Хангарьд ордон”-д өчигдөр болсон газрын дуудлага худалдаа эхлэхээсээ л олны анхаарлыг татаж байлаа. Энэ өдөр тодорхой байршилд хэд хэдэн барилгыг хувьчилж, газрыг дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөснөөс олон жил хэл ам дагуулж буй "Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгаас бусад байршилд санал ирээгүй байна. Хэвлэх үйлдвэрийн барилгад нийт есөн иргэн, аж ахуйн нэгж саналаа ирүүлж, дуудлага худалдаанд оролцлоо. Тухайлбал, Капитрон банк, "Bluemon” компани, "Таван богд трэйд” компани, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батнягт, иргэн Л.Мөнхтуяа, З.Пүрэв-Очир, Б.Отгонжаргал, Р.Мандах, З.Абдулкарим нар оролцов.
Төлөвлөсөн ёсоор хэвлэх үйлдвэрийн газрыг долоон тэрбум 155 сая төгрөгөөс эхлэн дуудлаа. Дуудлага худалдаанд оролцогчдоос найман номертой "Таван богд трэйд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, долоон номертой Б.Отгонжаргал, таван номертой З.Абдулкарим нар үнэ хаялцсаар хэвлэх үйлдвэрийн газар даруй анх дуудсан үнээс гурав дахин өндрөөр үнэлэгдлээ. Хамгийн сүүлд З.Абдулкарим 24 тэрбум төгрөгийн санал өгснөөр дуудлага худалдааны ялагч болсон юм. Дуудлага худалдаан д оролцоод ялсан тохиолдод хуульд зааснаар 14 хоногийн дотор төлбөрөө төлөх ёстой байдаг. Энэ хугацаа өчигдрөөс тоологдсон бөгөөд энэ сарын 13 гэхэд З.Абдулкарим хэвлэх үйлдвэрийн газрын албан ёсны эзэн болно. Гэхдээ дуудлага худалдаанд хэлсэн үнээ төлсөн тохиолдолд шүү дээ.
Дуудпага худалдаа дууссаны дараа З.Абдулкарим ямар нэгэн мэдээлэл өгөөгүй бөгөөд түүнийг УИХ-ын гишүүн асан, Д.Кёкүшюзан Батбаяр дагуулан гарсан юм. Д.Кёкүшюзан Батбаяр, "З.Адбулкаримыг танина. Энэ хүн бол монгол хүн” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
З.АБДУЛКАРИМ ГЭЖ ХЭН БЭ
Тэрбээр 1958 онд Катар Улсад төрсөн. Манай улсад арав гаруй жил амьдарч байгаа аж. Өдгөөгөөс гурван жилийн өмнө Монгол Улсын иргэншилтэй болсон бөгөөд эх сурвалжийн хэлж буйгаар З.Абдулкарим нь Катарын хөрөнгө оруулалттай нэгэн компанийн зөвлөхөөр ажилладаг байна. Түүний ургийн овог нь Сартуул аж. Одоо Баянгол дүүргийн I хороонд амьдардаг ажээ. Түүнийг Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гармын урд байрлах катаруудын отгийн эзэн гэх мэдээлэл ч байна. Катарын отгийнхон шонхор шувуу зөвшөөрөлгүй барьдаг гэдэг мэдээлэл байсхийгээд гардаг бөгөөд саяхан ийм мэдээллийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалган 61 шонхор шувуу илрүүлээд буй. Эдгээр шонхорыг Катарын Батлан хамгаалахын сайдад бэлэлэглэх гэж зөвшөөрлийн дагуу барьсан гэж Катарын отгийнхон мэдэгддэг ч 35 шонхорын л зөвшөөрөлтэй байсан хэмээн мэргэжлийн байгууллага хэлж байгаа. Бусад шонхорыг зөвшөөрөлгүй барьсан эсэхийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа юм байна. Мөн З.Абдулкаримтай холбоотой нэгэн сөрөг мэдээлэл байдаг нь өнгөрсөн оны долоодугаар сард "Хумбаа” компаннйн нэхэмжлэлийн дагуу түүнийг Кувейт Улсын иргэн Мултак Али Жиан, Монгол Улсын иргэн Ц.Зоригт нарын хамт дүүргийн иргэний хэргийн шүүхэд дуудаж байжээ. Гэсэн ч нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ буцааснаар хэргийг хааж байв.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар З.Абдулкарим манай улсын улс төр, бизнесийн бүлгийнхэнтэй нэлээд ойрын холбоотой. Ямар ч л байсан УИХ-ын гишүүн "Мон-Уран”-ы гэгддэг Б.Наранхүү түүний ойрын найз гэх мэдээлэл байгаа юм.
Нэг хэсэг Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаярынх хэмээгдэж байсан, түүнийг буруутгахад нэрийнх нь ард байнга дагалддаг байсан "Улаанбаатар таймс” сонины барилга хийгээд газар ийн катар гаралтай Монголын иргэний мэдэлд очиход ойрхон болжээ. Уг барилга нь 1928 онд хэвлэх үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглалтад орсон, социализмын үеийн бүхий л хэвлэмэл материалуудыг энд "эх барьсан” гээд үүх түүх ихтэй байшин. Өдгөө харин энэ барилгын туурин дээр 68 давхар "Монгол тауэр” сүндэрлэх бололтой. Юутай ч газар ямар үнэтэй вэ гэдгийг ил болгосноороо энэ удаагийн дуудлага худалдаа үнэ цэнэтэй байв.
Энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр нийслэлийн төсөвт 43 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ. Одоогоор төлөвлөгөө биелүүлэхэд есөн тэрбум төгрөг дутуу байгааг нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж хэллээ. "Автобус 3” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын найман барилга, Хан уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин байр, тус дүүргийн Өлзийт тосгоны дэд станц, уурын зуухны дуусаагүй барилгын дуудлага худалдааг хойшлуулж, энэ сарын дундуур хувьчлах юм байна.
Б.ЦЭНД-АЮУШ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

