Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын цуврал арга хэмжээний хүрээнд Монгол Улсын "ТҮЦ-ний охид”, "Итгэл”, "Халуун зүрх”, "Алсын удирдлага” зэрэг дөрвөн шилдэг киног 12 дугаар сарын 02-ны өдрөөс 05-ны өдрүүдэд Хөххотын Кай Нүө Шин Күн олон улсын кино театрын дэлгэцнээ гарсан байна.

"ТҮЦ-ний охид”
ТҮЦ-ний охид МУСК, Түргэн Үйлчилгээний Цэгийн охид МУСК Хандаа бол өрх толгойлсон эмэгтэй бөгөөд хоёр охиныхоо хамт ТҮЦ-нд амьдардаг байлаа. Энэ ТҮЦ бол тэдний бизнес мөн гэр орон нь билээ. Гэтэл нэг л өдөр бүх зүйл орвонгоороо эргэж ТҮЦ-ийг ачиж орхино. Ингээд Хандаа ТҮЦ-нийхээ араас хөөцөлдөж эхлэх бөгөөд эцэстээ тэмцэл болж хувирна. Тэд гэр орон болох ТҮЦ-ээ авч чадах болов уу?

"Итгэл”
Жирийн нэгэн албан хаагч залуу Итгэл нэг л өдөр гэнэтийн том амжилтад хүрч, "Сайдын багийн хүн” болон түүний гарын үсэг олон хүний амьдралыг шийдэх болно. Өндөр албан тушаалд очсон ч найз Анхбаярынхаа хамгийн чухал ажлыг бүтээж чадалгүй сэтгэлээр унаж явахдаа эдгэшгүй өвчин туссан болохоо мэднэ. Хэрвээ чи маргааш үхэх байсан бол юу хийх вэ? Хамгийн сайн найзынхаа амьдралыг нь сүйрүүлж, хайртай бүсгүйдээ үнэнээ ойлгуулж чадалгүй, хол суугаа эцэг эхээ үлдээгээд энэ хорвоог орхиж чадах уу?

"Халуун зүрх”
Анхилуун бол аавын хайранд умбаж, эрхэлж өссөн охин. Тэр хайр дурлалдаа шатаж, гэрлэлтээ батлуулж, хайрын бэлэг тэмдэг болох бяцхан үрээ хэвлийдээ тээж хэлж барамгүй аз жаргалтай байлаа. Гэтэл санаанд ч оромгүй гэнэтийн явдал түүнд тохиолдох бөгөөд өөрт тулгарсан бүх л саад бэрхшээл, зовлон гунигийг тэвчээр заан давж, хамгийн чухал хүсэл мөрөөдлөө биелүүлнэ. Эмэгтэй хүн энгэртээ дэлхийг багтаадаг бөгөөд ямар их тэсвэр тэвчээр, хүч чадал сэтгэлийн гүнээс гарч болдгийг энэхүү кино өгүүлэх болно.

"Алсын удирдлага”
Нийслэлээс холгүй нэгэн жижигхэн өртөөнд тарчигхан амьдардаг Цог хүү гэрээсээ зугтан хотын нэгэн байшингийн дээвэр дээр төвхнөнө. Эсрэг байрныхаа цонхны цаана өрнөх амьдралыг ажиглах нь сүүлдээ түүний зуршил болж хувирна. Тэдэн дундаас нэгэн бүсгүй түүний анхаарлыг их татна. Түүнийг Цог өөртэйгөө адил ганцаардсан, бас нисэх дуртай байх гэж гэнэхэн төсөөлнө. Харин бүсгүй өндрөөс ухаангүй айдаг. Улмаар Цог зурагтын удирдлага хулгайлж, хүүхний телевизийг дээвэр дээрээс нууцаар удирдаж эхэлнэ. Энэ нь түүнийг бусдын амьдрал, сэтгэл санааг ч удирдаж болох мэт тайлбарлашгүй таатай мөрөөдлийн ертөнц рүү түлхэнэ...


