| |
Хятадад сүүлийн үед өндгөн эсээ гадны оронд хадгалуулчихаад, эх орондоо карьераа үргэлжлүүлдэг гэрлээгүй эмэгтэйчүүдийн тоо нэмэгджээ.
Өндгөн эсээ хөлдөөж хадгалуулснаар Хятадын идэвхтэй ажил эрхлэгч бүсгүйчүүд мэргэжлийн зорилгодоо хүрэх цаг хугацааг худалдаж авсантай адил юм.
26 настай Цзя өдгөө залуу бүсгүй ч өндгөн эсээ хөлдөөж, ирээдүйд заяаны ханиа олоогүй байсан ч хүүхэд төрүүлэх боломжоо хадгалахаар төлөвлөж байна. Тэрбээр "Ажил бол амьдралын чухал хэсэг. Би орлогоо тодорхой түвшинд хүрсэн гэдэгтээ итгэлтэй болох ёстой” хэмээн ярьжээ.
40 настай Чжаны хувьд гэр бүлтэй болохыг олон жилийн турш хүсч байгаа юм. Тэрбээр "Таарч тохирох хүн олоход хэцүү юм. Эрчүүд өөрсдөөсөө залуу эмэгтэйчүүд хайдаг. Яагаад гэвэл тэд хүүхэдтэй болохыг хүсдэг” хэмээжээ. Тэрбээр хоёр жилийн өмнө Тайваньд өндгөн эсээ хөлдөөлгөж хадгалуулсан байна.
1978 онд Хятадад эдийн засгийн шинэчлэл хийгдсэнээс хойш цалингийн түвшний асар их ялгаа гарч ирсэн юм. Өмнө нь бараг бүх хүн ижил орлого, нийгмийн статустай байсан бөгөөд тухайн үеийн эцэг эхчүүд байр, орон сууц авах шаардлагагүй, цаанаас нь хуваарилдаг байжээ. Тиймээс ханиа сонгохдоо боловсролын түвшин, цалин зэрэг олон хүчин зүйлсийг харгалзах шаардлагагүй байв.
Хятадад эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхийг ёс зүйн хариуцлага гэж тооцдог. Тиймээс бусдын хүүхдийг өсгөх бус, өөрсдөө төрүүлэхийг чухалчилдаг байна.
Нийт хэчнээн эмэгтэй өндгөн эсээ гадны орнуудад хөлдөөж хадгалах үйлчилгээ авсныг тооцоолоход хэцүү. Гэхдээ сүүлийн үед энэ асуудлыг Хятадын олон нийтийн сүлжээгээр их хөндөх болжээ.
Бүсгүйчүүд ихэвчлэн үнэ хямдтайгаар Тайвань, Камбожийг зорьдог байна. Гэхдээ 15- 20 мянган ам.доллараар ийм үйлчилгээ үзүүлдэг АНУ-ын үнэтэй эмнэлгүүдийг зорих нь ч цөөнгүй. Үүнд нислэг, зочид буудал, биоматериалыг цаашид хадгалах зэрэг зардал багтаагүй юм.
Өндгөн эсээ ирээдүйд ашиглахаар хадгалж болдог тухай хятад эмэгтэйчүүд 2015 оныг хүртэл мэддэггүй байв. Харин Хятадын нэрт жүжигчин Сюй Цзинлэй энэ талаар ярьснаар нийгэм даяар мэддэг болжээ.
Гэхдээ CCTV төрийн сувгийн мэдээлж буйгаар хуульд гэрлээгүй хятад эмэгтэй нөхөн үржихүйн ийм технологиудыг ашиглахыг хориглодог гэнэ. Тэгсэн хэрнээ хятад эрчүүдийг гэр бүлтэй эсэх, эрүүл мэндийн байдал зэргээс шалтгаалахгүйгээр эр бэлгийн эсээ хөлдөөж хадгалуулахыг зөвшөөрдөг байна.
Өглөөний сонин
Э.Мөнхзаяа
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

