| |

Монголчуудын арай гэж ангижраад байсан МАНАН улс төрд дахин эргэж ирэх нөхцөл байдал Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсаны дараа үүссэн юм. Учир нь дээрхи бичгийг өргөн барьсан "хувьсгалчид” өөрсдийн 30 санал дээрээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүний 9 гишүүний дэмжлэгийг авна гэсэн тооцоотой байсан байх магадлалтай.
Энэ тохиолдолд тэд АН-тай хамтарсан Засаг байгуулна. АН-ын бүлгийн гишүүдийн хувьд МАН-ын дотоод зөрчлиийг чулуу болгож аяндаа аманд ороод ирсэн боломжийг алдахгүй байх сонирхол байхыг үгүйсгэх аргагүй. Хэн хэнийх нь тохироо бүрдэж байхад тоож харалгүй өнгөрвөл алдас болно гэдгээ тооцоолж, Засагт хамтрах нь тэдний хувьд 2016 оны сонгуулийн ялагдлаа "ялалт” болгох хариу цохилт мөнөөс мөн. Ийм нөхцөл бүрдсэн учраас л МАНАН эргэн ирж, МАН-ын засгийн газар АН-д барьцаалагдана гэсэн урьдчилсан оношийг судлаачид тавиад байсан хэрэг.
Одоо дуулдаж байгаагаар хамтарсан Засгийн газар байгуулах хувилбар нь бүтвэл АН-д 3-4 яамыг өгнө гэсэн сураг ажиг гараад байна. Энэ хувилбар нэгэнт гэрэл цохьж , нийтэд ил болсныг өчигдөр төрийн ордноос тараагдсан гарын үсэг бүхий хуваарилалт хийсэн бичгээс нэгэнт тодорхой болсон.
Урьдчилсан байдлаар ийм хувилбар яригдаж байгаа нь үнэн бол шинэ Засгийн газарт ширээ сандал хүлээж, гарын үсэг зурсан 30 гишүүнийхээ гарыг цайлгалгүй өнгөрөх магадлал нэмэгдэж байгаа юм. Товчхондоо бол тэдний гарын үсэг кноп хэрэгтэй болохоос биш цаанаа өөр тохироо явагдаж, 30 гишүүнээ хульхидаж байгаа нь илт болж байна.
Нэгэнт байдал ийм болж, мөрөөдөл нохойн замаар орж магадгүй болсон учир зарим нэг гишүүд нь У.Хүрэлсүхтэйгээ ч тангарагаа тонгорог болгож байгаа юм байх. Энэ янзаараа бол гарын үсэг зурсан 30 гишүүнээс цөөнгүй нь гэнэн хонгор алдаагаа цайруулж, өмнөх шийдвэрээсээ буцах бололтой.
Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэгчээр яарсан 30 гишүүн даарахаа ингэж эрт мэдэрнэ гэж төсөөлөөгүй байх л даа. Гэнэдэнэ гэхэд арай л дэндүү гэнэдчихэв үү, яав.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

