| |
27 жилийн тэртээ манай улсад Монголын ардчилсан холбоо байгуулагдаж, эрх баригч МАХН-ыг сөрөн зогсох улс төрийн хүчин бий болсон билээ. Тэд хэд хэдэн жагсаал цуглаан зохион байгуулж, олон намын тогтолцоог бүрдүүлэх, хүний эрхийг дээдлэх, Ардын их хурлыг жинхэнэ парламент ёсны үндсэн дээр зохион байгуулах, сонгуулийн тогтолцоог шинэчлэх зэрэг асуудлыг эрх баригчдаас шаардсан. Үр дүнд нь Монгол Улс 1990 оноос бүрэн бие даасан, ардчилсан, эрх чөлөөт улс болсон.
Хоёр жилийн дараа буюу 1992 онд улс төрийн тогтолцоог шинэчлэн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан Үндсэн хуулиа баталж, зах зээлийн эдийн засагт шилжсэнээр ардчилсан хувьсгал бүрэн ялалтад хүрч ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжсэн. Ардчилалтай хамт манай оронд олон ололт амжилт нэвтэрсэн ч гэлээ, сүүдэрт нь мөн алдаа дутагдал "үүрлэсэн” гэхэд хилсдэхгүй.
Учир нь 25 жилийн өмнө ардчилсан Үндсэн хуулиа батлахдаа парламентын улсын стандартаас зөрүүлж хийсэн буруу өрөлт бийг туршлагатай хуульчид болон судлаачид хэлдэг. "Эцэг хууль”-ийн зарим үг, өгүүлбэр манай засаглалд сөрөг нөлөө үзүүлж буйг их бага хэмжээгээр улстөрчид болон хуульчид ч хүлээн зөвшөөрч эхэлжээ. Ардчилсан нийгмийн хамгийн том чөдөр бол муу засаглал гэж үздэг. Үүнээс үүдэн авлига газар авч, улс төрчид хувьдаа ихээхэн баялагтай болдог.
УИХ Үндсэн хууль батлагдсанаас хойш 2000 онд л нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэхдээ уг өөрчлөлтийн талаар иргэд, олон нийтээр хэлэлцүүлээгүй, улс төрийн явцуу хүрээнд шийдвэрлэсэн төдийгүй төрийн эрх мэдлийн хямралыг гүнзгийрүүлсэн гэсэн шүүмжлэл дагуулж, "дордуулсан долоон өөрчлөлт” гэгдэх болсон. Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Улсын Их Хурлын гишүүдээс 2000, 2011, 2012, 2015 онуудад Монгол Улсын Их Хуралд тус тус өргөн мэдүүлж байсан юм.
Үндсэн хуульд ахин өөрчлөлт оруулах галт тэрэг хэдийнээ хөдлөөд эхэлсэн бөгөөд энэ удаад Засгийн газрын чадамж, дархлааг сайжруулах, Ерөнхий сайдыг бүрэн хариуцлага хүлээдэг болгох, дордуулсан долоон өөрчлөлтийг засах зүйл заалт тусгаад буй. Учир нь манайд Ерөнхий сайд томилогдож тамгаа авсан цагаасаа эхлэн УИХ-ыг царайчлах болдог.
Ерөнхий сайд нь танхимаа бие даан бүрдүүлж, ажлаа хийж чадахгүй байгаа зарим сайдыг буцаах бодит эрх мэдэл байхгүй. Сайд нарыг томилох, чөлөөлөх бүрт УИХ-аас хараат байж, Засгийн газрын гишүүн бүрийг парламентаар хэлэлцүүлэн дэмжүүлдэг. Мөн УИХ-ын гишүүний дөрөвний нэгээс доошгүй буюу ердөө 19 гишүүн Засгийн газрыг огцруулах санал гаргаж, уг саналыг парламентаар хэлэлцүүлэн дэмжихэд нэгдсэн хуралдаанд гишүүдийн олонх буюу 39 гишүүн оролцож, тэдний 50-иас дээш хувь буюу УИХ-ын нийт гишүүдийн 20 нь санал өгөхөд Засгийн газар унах боломжтой.
Мөн эрх барьж буй нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа бурууг Засгийн газартаа тохож, огцруулсан түүх манайхаас өөр ардчилсан улсад байхгүй л болов уу. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг өнгөрсөн хугацаанд өөрчлөлт орж буй бүлгүүдтэй холбогдуулан салбар салбарын төлөөллөөр хэлэлцүүлж, олон нийтийн саналыг авсан.
Өнөөдөр нээлтээ хийж буй УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад нийт 20 орчим хуулийн төслийг шийдвэрлэхээр багтаасан. Үүнд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл багтаж байгаа юм.
Өглөөний сонин
Т.Болор-Эрдэнэ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

