| |

Манай улсад сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амиа алдах харамсалтай хэрэг гарч, нийгмийг цочирдуулж байна. Бид хүчирхийлэл гэхээр эмэгтэйчүүд л дандаа өртдөг мэтээр ойлгосоор ирсэн.
Угтаа хүчирхийлэлд эрчүүд тэр дундаа, өрх гэр толгойлж буй эрчүүд эхнэртээ дарамтуулж бие махбодь болон сэтгэл санааны хохирол амсдагыг тэр бүр ярьдаггүй. Ярьсан ч наргиа наадам, хөнгөн маазраа маягаар хүлээж авдаг.
Гэр бүлийн хүчирхийллийн үндсэн дөрвөн хэлбэр буюу бие махбодийн, сэтгэл санааны, бэлгийн, эдийн засгийн хүчирхийллийн хэлбэр байдаг. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хохирогч болж, хандаж ирсэн эрчүүд эдгээр хэлбэрүүдээс сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийлэлд өртөх нь элбэг байдаг аж.
Эмэгтэй хүний хувьд амьдрах аргагүй зодож, доромжлох нь хүчирхийлэл байдаг бол эр хүний хувьд дэргэд нь байхын аргагүй гутаан доромжилж, хөөж, тууж, мөнгө нэхэж, сэтгэл санааны түгшүүрт байдалд оруулах нь хүчирхийлэлд өртөж байгаа явдал юм.
НҮБ-ын Хүн амын сангаас хийсэн хүчирхийллийн тухай судалгаагаар нийт хүчирхийлэлд өртөж байгаа эрчүүдийн 54 хувь нь ижил хүйсийнхнийхээ хүчирхийлэлд өртдөг. Үүний 10 хувь нь дарга удирдлага, үлдсэн хувь нь гудамж талбайд явж байгаад зодуулах, дээрэлхүүлэх байдлаар өртсөн гэжээ.
Гэхдээ эрчүүд хамгийн ихээр хүчирхийлэлд өртдөг газрын нэгт цагдаагийн байгууллагын баривчилгаа, хоёрт албан газар, гуравт гудамж, талбай, дөрөвт гэр орон байдаг аж.
Бид эрчүүдийнхээ эрх ашгийг бага балчир байхаас нь эхлээд зөрчиж эхэлдэг. Эрэгтэй хүүхэд хүнд хүчир ажил хийгээд ч болов амьдралаа залгуулчихна. Хөвгүүдийнхээ боловсролыг зөвхөн уншиж бичих, дөрвөн аргын тоо сурах төдийхнөөр хангалттай гэж дүгнэдэг. Охин хүүхдээ л боловсролтой болгож, хүний гар харахгүй болгоё гэсэн эцэг эхийнхээ харалган бодлоос болж хүсэл мөрөөдлөө золиослосон хөвгүүд цөөнгүй. Сургууль завсардалтын хувь хөдөөгийн малчин айлын хөвгүүдийн дунд өндөр байгаа нь үүний тод жишээ. Цаашилбал дээд боловсрол эзэмшигчдийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрэгтэйчүүдийнхээс өндөр байдаг.
Монгол эрчүүдийн хувьд архидалт, ажилгүйдэл их байгаатай уялдан гэр бүлийн төвшинд хүлээх үүрэгт өөрчлөлт орж, байр суурь нь ч ганхаж шийдвэр гаргах бус харин ч шийдвэрт нөлөө үзүүлж, хөшүүрэг болох мөнгө санхүүг зохицуулдаг ажиллах хүчин болж хувирав. Хэдийгээр энэ бүхэн нийгмийн байдлаас үүдэлтэй мэт боловч үндсэн хүчин зүйл нь монгол эрчүүдийн тэмцэх чадвар бага болсонтой холбоотой.
Эрүүл мэндийн яамнаас Монголд жилд дунджаар 17000 хүн нас бардагийн 62 хувь нь эрэгтэйчүүд байна гэсэн судалгаа хийжээ.
Эрэгтэйчүүдийн нас баралт ийм өндөр хувьтай гарч буй үндсэн шалтгаан нь нэгт, эрсдэл ихтэй нөхцөлд ажилладаг нь өвчин үүсгэх гол хүчин зүйл болдог, хоёрт хөдөлгөөний хомсдолд орох, буруу хооллолтоос үүдсэн суурь өвчтэй, гуравт, хорт зуршилд өртөмтгий байдагтай холбоотой.
Хэдийгээр Монгол Улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх шатны эмнэлэгт нээлттэй, жигд, хүйсээр ялгаварлан гадуурхалгүй үзүүлдэг ч барагтай бол эмнэлэгт ханддаггүй хэнэггүй зан нь эрчүүдийн амь насанд халтай байгааг ч шүүмжлэх нь зүйн хэрэг.
Иймд айл гэрийн ноён нуруу, амраг ханийнхаа өмөг түшиг нь болсон сайхан Монгол эрчүүдээ хайрлаж, хамгаалж явахыг хичээнгүйлэн хүсэх байна.
Г.Хулан
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

