| |
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 278 тоот захирамжийн хүрээнд Нийслэлийн онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа үзвэр үйлчилгээний байгууллага, худалдаа үйлчилгээний төвүүд, төвлөрсөн захууд, хүн ам олноор төвлөрдөг аж ахуйн нэгж байгууллагуудад 14 хоногийн хугацаатай үзлэг шалгалтыг зохион байгуулах ажлыг эхлүүлж байна.
Дээрх байгууллагуудын хувьд өөр өөрсдийн ажлын чиг үүргийн хүрээнд хяналт, шалгалтуудыг тогтмол хийж зөрчил дутагдлуудыг илрүүлсээр байгаа ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа учир хамтарсан баг гаргаж ажиллаж байгаа аж.
Шалгалтын үеэр Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Зөрчлийг шалган шийдвэрлэх тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулиуд болон эдгээртэй нийцүүлсэн эрх зүйн акт, норм стандартын хэрэгжилтийг шалгана Шалгалтанд 50 гаруй аж ахуйн нэгж хамрагдана.
Онцгой байдлын байгуулллагын зүгээс : Барилга байгууламжийн аюулгүй байдал болон галын аюулгүй байдал хир хангагдсан, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл бэлэн байдалд байгаа эсэх, аюулгүйн гарц, тэмдэг тэмдэглэгээ, автомат дохиоллын системүүд ямар хэмжээнд байгаа талаар шалгаад илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж тухайн байгууллагад холбогдолтой дүгнэлт гаргана. Түүнчлэн хуулийн дагуу зөрчил, дутагдал илэрвэл үйл ажиллагааг нь хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоохоор төлөвлөжээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас : Шалгалтанд хамрагдах обекътуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, ажилчдын хөдөлмөрийн харилцааны асуудал, барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний асуудалд хяналт шалгалт хийх юм.
Өмнө нь энэ чиглэлээр дээрх байгууллагуудад шат дараалсан хяналт шалгалт хийж байсан ч гарсан зөрчил дутагдлын дагуу өгсөн үүрэг даалгаврын биелэлт төдийлөн хангалтгүй байсан учраас энэ удаагийн шалгалтаар илэрч байгаа зөрчлүүдийг бүрэн дүүрэн арилгуулах зорилгоор тодорхой хэмжээгээр үйл ажиллагааг нь зогсоох, хаах хүртэл арга хэмжээ авна.
Түүнчлэн барилга, байгууламжийг улсын комиссийн шийдвэргүйгээр ажигласан, зориулалтыг нь өөрчилсөн, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байгууламжийг сэргээн засварласан тохиолдол их байгаа учраас шалгалтын арга хэмжээ хүрээнд тодорхой шийдвэрүүдийг гаргаж ажиллах юм.
Цагдаагийн байгууллагын хувьд : Тухайн байгууллага цагдаагийн байгуулагатай гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн хамтарч ажилладаг, иргэд байгууллагын аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа, гэрээт харуул хамгаалалттай эсэх, хяналтын камерийг стандартын дагуу байрлуулсан зэргийг шалгана. Дээрх захирамжинд цагдаагийн байгууллагын хойшлуулшгүй ажиллагааны чиглэлээр хийж гүйцэтгэх ажлыг тодорхойлон заасан учраас энэ чиглэлээр хамтран ажиллах аж.
Шалгалтыг ямар нэг байдлаар мэдэгдэхгүй шууд хийх нь зөрчил дутагдлыг илрүүлэхэд чухал үр дүнтэй ч Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар урьдчилан мэдэгдэх ёстойг заасан байдаг учир ийнхүү хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлэхээс гадна байгууллага тус бүрт албан бичиг хүргүүлсэн байна. Шалгалтын хариуг эргэн мэдээлэх болно.
Б.Отгон
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

