| |
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан БСШУСЯ-наас хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын 01-ний бямба гарагт эхлүүлэх болсноо зарлалаа. Ингэхдээ бороотой өдөр байх учир үдээс хойш буюу 14 цагаас эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Есдүгээр сарын нэгэнд орон нутагт гурван сургууль, нийслэлд есөн цэцэрлэг нээгдэх юм байна.
-Нарны хорооллын сургуулийн асуудал ямар шатандаа явж байгаа вэ?
-Нарны хорооллын сургуулийн асуудлаар Засгийн газар шийдвэрээ гаргасан. Компанийнхан хөрөнгийн асуудал шийдэгдсэний дараагаар хичээлийг эхлүүлнэ. Компанийн гаргасан хүсэлтийн дагуу манайх гурван ажлын хэсэг байгуулан үнэлгээний асуудал дээр Засгийн газрын хуралдаанаар оруулна. Эхний өгсөн үнэлгээний санал 21.9 тэрбум төгрөг. Сургууль нь 960, цэцэрлэг нь 220 хүүхдийнх. Компани өөрийн бодит хөрөнгөө гаргаж барьсан. Тиймээс үнэлгээ өндөр байгаа гэсэн. Ажлын хэсэг байгуулагдаад үнэлгээг 17.8 тэрбум төгрөг хүртэл бууруулсан. Засгийн газар дахин хөрөнгийн үнэлгээг буулга гэдэг үүрэг өгсөн.
-Сургалтын төлбөр өндөр байгаа гэж оюутнууд жагссан. Яам асуудалд хэрхэн хандаж байна вэ?
-Их дээд сургуулийн төлбөрийн талаар МУИС-ийн оюутнууд жагссан. Оюутнуудын жагсаал дээр ёс зүйн алдаа гаргасан н.Ганбат багшид хариуцлага тооцож байгаа гэдгээ мэдэгдсэн. Сургалтын төлбөрийг нэмэх асуудал хуулиараа сайдын эрхлэх хүрээнд байдаг ч ТУЗ нь шийддэг. Сургалтын төлбөр нэмэх шийдвэр гаргавал яаж нэмэх талаар тооцоо судалгаа хийж, эцэг эхийн зөвлөлтэй уулзаарай гэдэг. Өнөөдөр Дээд боловсролын газрын даргатай уулзана.
-МҮИС-нь үндэсний хэмжээний нэрийг барьж үйл ажиллагаа явуулж байгаа асуудалд хэрхэн анхаарал тавьж ажиллаж байна вэ?
-н.Мөнхбат гэх захиралтай нэг сургууль бий. Үндэсний нэрийг барьж үйл ажиллагаа явуулсаар ирлээ. 1990 оны зах зээлийн шуурганаар хуулийн цоорхой ашиглан МУИС-ийн нэрийг "Үндэсний” гэх тодотголоор солиод бизнес хийгээд явж байгаа нэг захирал бий. Хэд хэдэн удаа асуудал хөндөж, нэрний асуудлаар нь шүүхэд хандсан ч хүчин мөхөсдсөн. Цаашид бид сургалтын чанар, хичээлийн хөтөлбөр, дээд боловсролын чанар, сургалтын агуулга хэр байгааг шалгаж, шаардлага тавьж ажиллана.
-Зарим сургуулиудын захирлыг хууль бусаар халж сольсон гэх асуудалд тайлбар өгөхгүй юу?
-Ж.Батбаатар гэдэг мундаг захирал байж байгаад ажлаа өгчихсөн юм шиг асуудалд хандаж байна. Төлбөр төлж мэдээлэл цацдаг, өөрийгөө хамгаалдаг асуудал хэрээс хэтэрч байна. АШУҮИС-ийн барилга барьж байгаа Япон улсын багийнхан надтай ирж уулзсан. Барилгын ажлыг хоёр сарын дотор шуурхайлан явуулах шийдвэр гаргасан. Орчин үеийн технологи бүхий эмнэлэгт ажиллах эмч, сувилагчдыг бэлтгэх ажлыг би Батбаатар захиралд хоёр жилийн өмнө даалгасан. Одоо хүртэл хэрэгжүүлээгүй байгаа юм. Олон эмчийг сургасан ч, тэр эмнэлэгт ажиллахгүй гэдэг байр суурийг бүгд илэрхийлж байна. Сайн судлаад үзвэл өөрийнхөө танил талын хүмүүсээ сургачихсан байсан. Хөрөнгө оруулалтын асуудалд санхүүгийн олон зөрчил илэрсэн. Тендер сонгон шалгаруулаагүй, банкны хуулгыг хүртэл хуурамчаар үйлдээд өгчихсөн байсан. Ийм хүнд хариуцлага тооцохгүй гээд яах юм бэ. Иймд би Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмонд АШУҮИС-ийг даатгасан. Үр дүн гарна гэдэгт итгэж байна
-Их дээд сургуулиудын төлбөр хэрхэн нэмэгдсэн вэ?
-Сургуулиудын төлбөр 10-15 хувиар нэмэгдсэн ШУТИС 62 мянгаас 71.200 төгрөгөөр нэмэгдсэн. Мөн МУИС-төлбөрөө нэмэхдээ хичээлийн түвшнээс хамааран янз бүрээр нэмсэн байна. Үүнд 12,5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт байна. Тус сургуулийн нэг кредит хичээлийн төлбөр 99-115 мянган төгрөг байна гэсэн дүн мэдээлэл бий. Оюутны дотуур байрны үнэ нэмэгдсэн зүйл байхгүй. 450 мянгаас нэг сая төгрөг хүртэлх төгрөгийн хооронд үнэтэй байна. Өнгөрсөн жил 14.700 орчим оюутан дотуур байранд амьдарсан байдаг. Энэ жил шинээр 155 мянган оюутан элсэн суралцаж байгаа. Үүнээс хорь хүрэхгүй хувь нь л сургуулийн дотуур байранд хамрагдаж байгаа юм. Үлдсэн хувь гадуур орон сууц, нийтийн байр түрээслэх, хамаатныдаа амьдарч байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

