| |
Улсын хүн амын талаас илүү нь оршин суудаг Улаанбаатар хотын гурван төрөх эмнэлгийн эмч, ажилчид ачааллаа дааж ядан, өдөр, шөнөгүй зүтгэж байна. Эл асуудлыг шийдвэрлэх зорилгоор олон улсын шаардлага хангасан 140 ортой амаржих газар, 160 ортой төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий хүүхдийн эмнэлэгтэй болохоор 2007 оноос ярьсан. Үүний дагуу нийслэлийн IV амаржих газрыг барих болж, 2010 онд барилгын ажлыг нь эхлүүлсэн. Төлөвлөгөө ёсоор уг нь 2010 оны арванхоёрдугаар сарын 15-нд эхлээд, 2012 оны аравдугаар сарын 30-нд ашиглалтад оруулах байсан ч ажил сунжирсаар ирэх онд арайхийн дуусгах бололтой. 2010 онд төслийн гүйцэтгэгчээр "Нийслэл өргөө”, туслан гүйцэтгэгчээр "Пума констракшн” компани ажиллаж байв. Тухайн үед 18 тэрбум, 707 сая төгрөгийг улсаас төсөвлөн ажлаа эхлүүлсэн. 2013 оны наймдугаар сард ажлын гүйцэтгэл 68 хувьтай, өөрөөр хэлбэл, нийт таван блок бүхий барилгын гурвынх нь ажил эхэлсэн, хоёр блокийг нь огт барилгүйгээр ажил зогсжээ. Энэ талаар захиалагч байгууллага болох ЭМЯ-наас "А, Б, Д блокийг хариуцсан "Нийслэл өргөө” компанийн зохион байгуулалт, хүн хүч хангалтгүйгээс ажил удаашралтай. "Пума констракшн” компанийн хариуцсан В, Г блокийн барилгын ажил огт хийгдээгүй” хэмээн дүгнэжээ.
Ийм шалтгаанаар дөрвөн жил зогссон барилгын ажлыг өнгөрсөн оноос дахин эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэгчээр нь "Томо бюлдинг” компанийнхан ажиллаж байна. Засгийн газраас тус компанитай 2018 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулах концессын гэрээ байгуулсан аж. Төслийн хөрөнгө оруулалт болох 25 тэрбум төгрөгийг 2020 оноос хуваарийн дагуу төлөх гэнэ.
Ажил нь эхлээд 80 орчим хувьтай явж буй 300 ортой төрөх эмнэлгийн асуудал ингээд дуусахгүй бололтой. Учир нь, барилгын зураг төслийг боловсруулах компани шалгаруулах тендерт ОХУ-ын Улаан-Үд хотын "Дархан строй” компани 2007 онд шалгарчээ. Тухайн үед зураг төслийн зардал болох 229.9 сая төгрөгийг шийдвэрлэсэн ч зурагт өөрчлөлт орж, нэмэлт гэрээ байгуулан, дахин 77.7 сая төгрөг төлсөн аж. Түүнчлэн зураг төсөл боловсруулахад Монголын талаас "Марс констракшн”, "Эрчим төсөл” компани хамтрах болжээ. Гэтэл тэдгээр компанийнхны гаргасан зураг төсөл нь төрөх эмнэлгийн төлөвлөлтийн нормыг ноцтой зөрчсөн гэх дүгнэлтийг 2009 онд Монголын архитекторуудын эвлэлээс гаргасныг "Энхрий үрс халуун
сэтгэл” ТББ-ын тэргүүн О.Энхмаа хэллээ. Олон жил нойрсуулагч эмчээр ажилласан тэрбээр уг эмнэлгийн барилгын ажлыг дуусгах зорилгоор 2014 оноос хойш хэд хэдэн удаа хандивын тоглолт зохион байгуулсан юм. Тэрбээр "Тус эмнэлгийн таван блокийн хоёрынх нь нэгдүгээр давхарт буруу зохион байгуулалт хийсэн. Тухайлбал, хонгил нь өргөн, өрөө нь жижиг байхаар төлөвлөсөн. Мөн төрөх тасгийн доор шарил хадгалах газар байрлуулсан нь дөнгөж төрсөн эхийн сэтгэл зүйд хүндээр тусаж, төрсний дараах хүндрэл гарч болзошгүй байгаа юм. Үүнээс гадна 500-800 кг-ын даацтай найман цахилгаан шат байрлуулах болсон нь хэтэрхий олдсон гэдгийг архитектор Д.Цогт агсан бид хоёр байнга хэлдэг байсан. 300 ортой эмнэлэгт ийм олон цахилгаан шат огт шаардлагагүй шүү дээ. Энэ мэт буруу төлөвлөлтийн асуудал байдаг. Үүнийг засаж залруулахгүйгээр барьж байгаа бол улсын хөрөнгийг үрэн таран хийж буйгаас ялгаагүй” гэсэн юм.
Уг нь зураг төслийг нь гардан гүйцэтгэсэн байгууллага барилга барьж дуустал хяналт тавих ёстой. Гэтэл "Дархан строй” компани барилгыг дуусгаагүй бөгөөд захиалагч байгууллагаас уг үүргээ биелүүлэх хүсэлтийг удаа дараа тавьсан ч хариу ирүүлээгүй гэнэ. Иймээс хамтран гүйцэтгэгч "Марс констракшн” компани барилгын явцад хяналт тавьж буй аж. Тус компанийн захирал М.Амаржаргал "Тухайн үед Д.Цогт агсны гаргасан дүгнэлтийн дагуу бид зургаа өөрчилж зассан. Харин төрөх эмнэлгийн доор шарил хадгалах газар байрлуулсан гэдэг нь худлаа. Тусад нь барьж байгаа. Одоо барьж байгаа барилгад нэг л асуудал бий. Тэр нь мэс заслын тасаг. Зураг төслийг батлах үеийн стандарт нь одоо өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, зураг төслийг гаргах үед мэс заслын тасаг бүтэн вакум орчинд байх ёстой гэсэн заалт байгаагүй. Гэтэл шинэ стандарт бий болсноор ийм шаардлага гарсан. Тиймээс бид одоогийн стандартын дагуу барих гэж Эрүүл мэндийн яаманд хүсэлт гаргаж, санхүүжилт нэмж авах гэсэн боловч шийдэж өгөөгүй. Тиймээс орчин үеийн стандартад нийцсэн мэс заслын тасгийг шийдвэрлэх боломжгүй болчихоод байна” гэлээ.
Хэрүүл, шуугиан, хардлага сэрдлэг дунд арав гаруй жил болсон уг барилгын явцтай танилцахаар Хан-Уул дүүргийн X хороог зорьсон юм. Барилгын гадна өрлөг болон цонхнуудыг нь бүрэн хийсэн байлаа. Талбайн ахлах инженер "Барилгын ажил өнгөрсөн оны аравдугаар сард эхэлсэн. Графикийн дагуу ажиллаж байна. Гэрээний дагуу 2019 оны IV улиралд ашиглалтад оруулах ёстой. А, Б, Г, Д блок барилгын гадна, дотор ханын өрлөг, цонх суулгах ажил бүрэн дууссан. Гадна, дотор заслын ажил гүйцэтгэж байна. Шатны бариул, дотор цахилгаан, холбоо дохиолол, сантехникийн босоо шугам, шал бетоны ажил, зам, талбайн тохижилт, гадна инженерийн шугам сүлжээний ажил 70 хувьтай. Эмнэлгийн ойролцоо барьж буй Геронтологийн төвийн дулааны шугамын ажлаас хамаарч гадна зам, талбайн тохижилтын ажил удааширч байгаа. Уг нь хашаан доторх шугамын трассыг өөрчлөх хүсэлт тавьж, газар дээр нь хэмжилт хийлгэсэн ч трасс өөрчлөх боломжгүй гэсэн. Мөн "Буянт-Ухаа 2” хорооллоос дулаанаа холбохоор хүлээж байна. Дулаанаа холбочихвол дотоод заслаа хийгээд, ирэх оны I улиралд дуусгах боломжтой. Харин мэс заслын тасгийг орчин үеийн стандартад нийцүүлэх зорилгоор ашиглагч байгууллагыг нь урьж, зураг төсөл дээр нь санал оруулж байна” гэлээ. Ямартай ч 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил ирэх онд дуусах бололтой.
Өнөөдөр сонин
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

