| |
Улстөрч тэр дундаа Ерөнхий сайд байсан хүн "бусдыг бус зөвхөн намайг буруутга” гэж хэлж байсан тохиолдол бараг үгүй биз. Ингэж хэлэхээсээ ч эмээдэг болсон энэ нийгэмд, тэр дундаа шүүх хуралдааны танхимд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэлснээрээ өөрийн нэр хүндийг өргөв.

Үүрэг өгсөн хүн нь өнөөдөр шоронд орох уу, үгүй юу гэдэг дээрээ тулчихаад, шүүх хуралдаан нь гурван өдөр үргэлжилж буй энэ үед түүнийг гэрчээр оролцож, бас болоогүй бүх бурууг өөр дээрээ авах үг хэлнэ чинээ төсөөлөөгүй биз. Харин тэр хэлэв. Өөрийн ахлах зөвлөх, баз хүргэн болох Л.Гансүхийг өмгөөлж чадаж байна.
Шүүх хурлын байдал ч тэдний тал руу эргэж мэдэхээр болчихсон. Учир нь нэхэмжлэгч, хохирогчгүйгээр л Л.Гансүх гэдэг хүнийг яллах гээд л шүүгээд буй мэт олон нийтэд харагдаж эхэллээ. Өмнө нь мэдүүлэг өгөгсөд мэдүүлгээсээ буцаж, юу гэж хэлж байсан гэдгээ ч санахгүй байдалд орж, хохирсон ч юмгүй гэдгээ хэлж байна. Юу болох нь энэ вэ гэж олон л хүмүүс өөрөөсөө асууж байх шиг. Хэдэн өдөр үргэлжилж буй шүүх хуралдаанаас өмнө Л.Гансүхийг ямар буруутай хүн болох талаарх мэдээлэл цацагдаж, Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа 461 дүгээр ангид ахлах зөвлөхөө эргэж очсон нь хууль бус гээд л олон сөрөг мэдээлэл цацагдаж билээ. Харин энэ удаа байдал эсрэгээрээ эргэж, "тэнгэр цэлмэв”.
Сайхан цаг бүрдэхэд Н.Алтанхуягийн оролцоо чухал болов уу. Тэр анх Л.Гансүхэд үүрэг өгч, ажил даалгасан. "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг нь Шинэчлэлийн Засгийн газарт ногдож байлаа. Тийм ч учраас тэрбээр шүүгдэх хүн нь өөрийгөө гэж хэлсэн биз. Тэр хэлэхдээ "Л.Гансүх гэдэг хүнд ямар ч буруу байхгүй. Нүүрсний үнэ буурсныг үнэхээр буруутгаж байгаа бол намайг л буруутга. Би Шинэчлэлийн Засгийн газрыг толгойлж байсан хүний хувьд хариуцахад бэлэн байна. Хүнд хэрэгтэй юм хийснийхээ төлөө яахаараа ингэж бурууддаг юм бэ” хэмээн шүүх хуралдааны танхимаас ярьсан юм. Түүнийг ингэж хэлж байгаад л талархмаар байгаа юм.
Хэн нэг дарга үүрэг даалгавар өгсөн ажилтнаа өмгөөлөхөөс илүү, буруутгадаг. Түүнээс биш би буруутай юу, үгүй юу гэдэг асуултыг өөртөө тавьдаг дарга нар тийм ч олон биш. Цөөнх болоод буй дарга нарын нэг нь Гүйцэтгэх засаглалын тэргүүн байж. Ёстой л эр хүн шиг зан гэдэг энэ байх. Унахдаа унаж, сэхэхдээ хамт сэхдэг байх энэ зан монголчууд бидний ховор зан болсоор удаж байгаа. Ийм цаг үед л Н.Алтанхуягийн хэлсэн үгийг сонсоод "Намайг л буруутга” ГЭНЭ ҮҮ? гэж гайхаж хүлээж аваад байгаа юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

