| |

Бөхийн өргөөг авах гэсэн адын хүсэл нь сүүлдээ төрийн наадмынхаа түрүү бөх рүү дайрах хэмжээнд өндрөө авч байна гэж хардахаас өөр арга алга. Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо, Допингийн эсрэг үндэсний төвийн аль нь ч допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг зарлаагүй. "Б” сорьцын шинжилгээний хариу иртэл журмаараа зарлах ч боломжгүй юм билээ. Тиймээс хэн хэн допинг хэрэглэсэн бэ гэдэг нь албан ёсоор ил болоогүй байхад манайхан л болсон хойно батлагдаж, нотлогдоогүй байсан ч сошиал хэмээх хэн ч хариуцлага хүлээдэггүй "шүүх”-ээрээ оруулж аваад эрээ цээргүйгээр гөвчихдөг хэсэг бүлэг бий. Ердөө ганцхан сарын өмнө түүнийг магтаалаар булж байсан хүмүүс өнөөдөр үзэн ядаж байх жишээтэй.
Тэр өнөөдөр 26 настай шижигнэсэн залуу. Залуу аваргад зодгондоо багтахгүй бяр байна уу гэвэл тийм гэж хэлнэ. Ийм атал допинг хэрэглэсэн нь албан ёсоор батлагдвал түүний залуу нас дэндүү хайран байна. Түүний нэр хүнд, спортын амжилт допингоос болоод шавартай хутгалдвал жинхэнэ утгаараа "хохино” болно. Наадмын бөхийн салбар хороо нь мэдээлэл хийхдээ бид допингийн шинжилгээ авахдаа камераар хянасан гээд мэдэгдчихсэн. Дэлхийн допингийн дүрэмд камераар хянадаггүй, болохгүй гэсэн дүрэм үйлчилдэг гэдгийг спортын хүрээнийхэн ярьсан байна лээ. Улсын залуу аварга Э.Оюунболдоос бусад нь "Би допинг хэрэглээгүй” гээд ам уралдан зарлачихсан. Үлдсэн нь ганц нь Э.Оюунболд. Тиймээс л хүмүүс түүн дээр анхаарал хандуулж улай үзсэн хэрээ шиг тойрон гуагчиж байна. Хоёр хүн допинг хэрэглэсэн гээд байхад ганц хүнээс бусад нь "хэрэглээгүй” гээд мэдэгдчихээр нэг бөх нь хэн болж таарах вэ. Үүнээс үзэхэд "Би хэрэглээгүй” гэсэн бөхчүүдийн үгэнд итгэхэд хэцүү байгаа биз. Э.Оюунболдыг мэдэгдэл хийгээгүй гэдгээр нь далимжуулж допинг хэрэглэсэн гэж шууд гүтгэх нь дэндүү өрөөсгөл.
Допингийн маргаан нь нэг талдаа гараагүй байтал Э.Оюунболдод Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон аварга цолыг сошиалаар хураах нь халаг юм болж байна. "Н.Батсуурьт Даян аварга цол олго”, "Ц.Содномдорж хэлмэгдчихлээ. Аварга болох байсан” гэх юм. Э.Оюунболд түрүүлэлгүй доогуур даваанд тахим буулгасан бол энэ хоёр бөх түрүү үзүүрт хүрэх байсан гэдгийг хэн нотлох юм гээд асуултууд ар араасаа хөвөрнө. Дэлхийн жишгээс харахад тухайн спортын төрлийн холбоо нь цол шагнал, дүрэм журмаараа шийддэг. Дэлхийн чөлөөт бөхийн холбоо чөлөөт бөхийн тамирчин П.Орхоноос допингийн төрлийн бодис илэрсэн гээд алтан медалийг нь хурааж байсныг бид мартаагүй. Манайд бол Үндэсний бөхийн холбоо журмаараа шийдэх боломж алга. Учир нь үндэсний бөхийн цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог. Ерөнхийлөгчийн зарлигийг ТББ цуцлах боломжгүй. Тиймээс Үндэсний их баяр наадмын тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах замаар холбооны мэдэлд өгч болох юм. Бөхчүүд допинг хэрэглэх болсон нь улсын цолонд хүрэх гэсэн шуналтай нь холбоотой. Улсын цолонд хүрчихвэл байр, машинаас эхлээд багагүй хөрөнгөжих боломж гэж хардаг. Баяр наадмын дараа цол хүртсэн бөхчүүд допингийн хариу ирэхээс өмнө цолны мялаалга наадмаа хийдэг. Энэ үеэр нь нутгийн зөвлөл, найз нөхөд нь ёстой л байр савнаас эхлээд барьж болох бүхнээ барьчихдаг. Үүний дараа допинг хэрэглэсэн гээд зарласан ч өгсөн шагналаа авах нэг, байх нэг хэцүү ёстой хачин байдалд ордог.
Спортын сэтгүүлч С.Шижирбат "Тав давсан бөхөөс допинг илэрвэл түүнд унасан улсын цолгүй бөх байвал цол өгдөг болчихлоо. Энэ эвгүй шүү. Хуулиараа тав болон түүнээс дээш давсан бөхчүүдээс шинжилгээ авдаг учраас тав давах хүсэлгүй найраагаар хэвтдэг бөхчүүд бий гэдэг. Тавын даваанд унасан улсын цолгүй бөхчүүдээс шинжилгээ авдаг болох уу. Эсвэл 3, 4 давсан бөхчүүдээс нийтээр нь шинжилгээ авдаг болох уу” хэмээн бичсэн байна лээ. Бодох л ёстой асуудал. Саяхан наадмын өмнө Баянхонгор аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын начин цол хүртээсэн. Түүний учраа бөхийн допингийн асуудал хоёр жил үргэлжилж Б.Эрдэнэхүү начин цолтны босго давсан. Хэдийнэ хоёр жил өнгөрсөн Б.Эрдэнэхүүгээс допингийн шинжилгээ авах юм уу. Ийм утгагүй байдалдаа цэг хатгах цаг нь болжээ.
Ямар ч бөхийг давах "допинг” хэмээх шинэ мэхтэй болчихоод байгаа юм. Дургүй нь хүрвэл, өөрт нь таалагдахгүй бөх түрүүлчихвэл допингдоод унагачих боломжтой болсныг бид харцгааж байна. Допинг хэрэглээгүй байсан ч хэрэглэсэн мэтээр сошиалд худал мэдээлэл түгээж иргэдийн илт дургүйцлийг хүргэж байгаад унагах хар тактик үндэсний бөхөд үйлчилж байгаа аж. Э.Оюунболд өнөөдөр Төрийн наадамд түрүүснээсээ эсэн юм болж, хамгийн муу муухай үг, дайралтуудыг тэр авч байна.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Дархан аварга Б.Бат-Эрдэнэ өөрийн шавь Э.Оюунболдын хамт БНСУ-д допингийн асуудлаа цэгцлэхээр явсан гэдэг мэдээлэл өчигдөр гарсан. Тэгвэл Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ өчигдөр "Өмнө нь улсын наадамд зургаа давж байсан. Дараа нь төрийн наадамд түрүүлж байсан хүн допингийн шинжилгээнд хамрагдаж байсан шүү дээ. Бяр тэнхээ, барилдааны хувьд ярих юм юмгүй хүн шүү дээ. Тиймээс допинг хэрэглэсэн гэдэг зүйл санаанд багтахгүй байгаа. Э.Оюунболдыг архи уучихвий гэдэгт л санаа зовох болохоос хүч нэмэгдүүлэх зүйл хэрэглэсэн гэдэгт нь итгэхгүй байгаа. Ийм мэдээлэл гарч байгаад харамсаж байна” гэдгээ мэдэгдсэн юм.
Жилдээ ганц удаа баяр наадмаар допингийн шинжилгээ авдаг нь бусад үед допинг хэрэглэх боломжийг бөхчүүдэд олгож байна. Улсын гарьд Б.Гончигдамбын хэлсэнчлэн жилдээ хэд хэдэн удаа гэнэтийн байдлаар допингийн шинжилгээ авдаг болбол энэ асуудал цэгцрэх замдаа орж мэднэ. Олны үг ортой гэдэгчлэн Э.Оюунболд аварга допинг хэрэглэсэн бол ямар хариуцлага хүлээлгэх вэ. Ерөнхийлөгч зарлигаа цуцалж дараагийн бөхчүүдэд нь давааг нь ахиулан цол нэмэх үү. Допингийн асуудлыг олон улсын стандартын хүрээнд нь шийдэхгүйгээр бид төрийн наадамд түрүүлж үзээгүй бөхчүүд допинг гэдэг шидэт савааны хүчээр түрүү бөхөөр тодордог буруу жишиг тогтож мэдэхээр байна. Хэрүүл тэмцэл нь үргэжилсээр энэ спортоо татаж унагах нь. Эрийн гурван наадмын нэг, үндэсний өвч соёлын чухал өв болсон үндэсний бөх маань бөхчүүдийнхээ гарт сүүлчийн цэгээ хатгаж, "түмнийг баясуулагч” чимэгтээ ч эзэн болж чадахгүй байна. Допинг гэдэг бөхдөө түнтгэр түнтгэр бөхчүүд маань тахим буулгах цаг ойрхон байна даа.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

