| |

Олон нийтийн өмнө, цахим сүлжээнд аз жаргалтай хайраар бялхаж байсан амьдрал өнөөдөр алга эргүүлэхийн төдийд л зовлонгийн "далай” байсан нь илчлэгдэж, зодуурын бай нь эмэгтэйчүүд байдаг байж.
Дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудаснаа Солонгон Аашт буюу эхнэр Х.Анандагийнхаа тухай "Солонгон аашт өнөөдөр өөртөө тохиолдсон амьдралаа хэн ч уншсан бухимдахаар бичиж илэрхийлжээ. Тийм ээ би түүнд гар хүрсээн. Би тэр үйлдэлдээ эмзэглэнэ ээ, хүн болсон хойно.
Гэхдээ таны уншсан сэдэв миний амьдралд ийнхүү өрнөсөн билээ. Анандаа надаас 11 дүү. Тэр нас залуу ч мундаг ухаантай эмэгтэй. Харамсалтай нь ааш авир, араншин бол үнэндээ намайг аав нь юм шиг л уурлуулдаг байлаа. Ананда ээжтэйгээ өссөн эцгийн хайр үзээгүй болоод тэр үү эр хүнийг хүн чинээ үздэггүй нэгэн байсан ч хайртай ах нартаа хамгийн сайн дүү нь. Харин тэд надад тохиолддог яршигтай авирыг нь даанч мэдэхгүй л дээ.
Бид хоёр ээжийнх нь баярын үйл ажилгаан дээр танилцаж хоёр биенээ олж харцгаасан юм. Нэг өдөр Ананда гэртээ урьж хоолоор дайлан тэндээсээ шууд live хийж олонд түгээдэг нэвтрүүлэгтээ оролцуулснаар бидний өнөөдрийн амьдрал эхэлсэн юм.
Үнэхээр хөөрхөн, сайхан бүсгүйтэй таарсан, би амьдралаа эхнээс нь эхэлье гэж бодон хэлсэн бүхнийг нь биелүүлсээн. Тэр надаас тархиа кодлуулахыг хүссэн би ч хэлснээр нь таван жилээр тархиа кодлууллаа. Оросын буриадын эмч, зөвлөх эмчийн хамтаар Анандагаар батлан даалт хийлгэж би гэдэг үхэх гэж байсан амьтан ингэж амьдралаа өөрчилсөн юм.
Өнчирж үлдсэн охин бид хоёр дээр ирсэн Анандадаа бид хоёр байдгаа зориулж, амьдрал хөгжилтэй болж ирсээн. Эмч нар бидэнд нэг л зүйлийг захисан нь "хэзээч тархиндаа код хийлгэсэн хүний хажууд архи хэргэлж болохгүй” гэсэн хатуу сануулга өгсөөн. Гэвч Ананда минь тэгээгүй ээ. Би ойлгодог байлаа залуу хүн хэмээн өөртэйгөө зүйрлэжээ.” гэх зэргээр бичсэн байв.
Харин Х.Ананда "Эрийн жудаг байгаа бол эхлээд нүүрээ харж уулзчихаад арьсаа хамгаал. …Үрээ төрүүлэхээс өмнө хоёр ч удаа чамд зодуулж эмнэлэгт хэвтсэн. Нялх биетэй байхдаа хэдэн ч удаа гарын шүүс болов. Эцэст нь нүдний хагалгаанд орсны маргааш хүний нутагт "Зулбасгаа аваад зайл ” гэснийг өдий болтол гэрийнхэндээ ч хэлээгүй. Би ам нээхэд чиний нүүрэн дэх баг юу ч үгүй хуулрахыг санаарай. …Юу хэрэглэж арчаагүйтдэг байсныг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Цагдаагийн байгууллага иргэнээ хамгаалах нь тодорхой ” хэмээсэн байв.
Тэд өмнө нь хайрлалцаж, дурлалцаж байх үеээ нийтэд дэлгэж байсантайгаа адил гэр бүл дэх хүчирхийлэл, түүний үндсийг ч өөр, өөрийнхөөрөө тайлбарлан бичиж, түүнд нь олон нийт эгдүүцэж байв. Хувийн амьдралаа хэт дэлгэсэн хоёр гэнэт дээрх бичвэрүүдээ устгасан.
Харин олон нийт тэдний хувийн амьдралаас дуучин Т.Дэлгэрмөрөн эхнэрээ зоддог байсныг жигшин зэвүүцсээр байгаа юм. Зарим нь өмнөх эхнэрээ ч ингэж зоддог байсан тухай сэтгэгдлээ үлдээсэн байсан.
Хэдийгээр энэ олны танил хүмүүс гэдгээрээ л хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байгаа болохоос гэр бүлийн хүчирхийлэл хэт газар авч, бас нэр төр, гэр бүлээ авч үлдэх гэснээс үүдэн хэн нэгэн нь хохирч байгаа тохиолдол нэмэгдэх болжээ. Нөгөө талд "эр, эмийн хооронд илжиг бүү жороол” гэдэг үгээр халхавч хийн хүчирхийллийг байх ёстой асуудал мэт хараагүй, сонсоогүй мэт өнгөрөөдөг нь хүчирхийлэгчийг улам бүр гааруулдаг. Гэр бүл дэх хүчирхийллийн хохирогч нь ихэнхдээ хүүхэд, эмэгтэйчүүд.
Зарим нь хүчирхийллийг тэсвэрлэхээ байж, өөрийгөө хамгаалахын тулд гэмт хэрэгтэн болсон тохиолдол ч олон. Тодруулбал, эмэгтэйчүүдийн хорих ангид хүмүүжигчдийн 60 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийллээс үүдэн хэрэгтэн болсон байдаг. Итгэж, хайрласан эрэгтэйгээсээ болж, шоронгийн хаалга татна гэдэг эмэгтэйчүүдийн хувьд амьдын там гэдэг нь.
Гэр бүлийн хүчирхийлэлд хүн бүр анхаарлаа хандуулахгүй бол хохирогчдын улам бүр нэмэгдэнэ. Цагдаагийн байгууллагад он гарснаас хойш энэ төрлийн гэмт хэрэг 424 бүртгэгдсэний 94 орчим хувийнх нь хохирогч эмэгтэйчүүд байна.
Эмэгтэйчүүд гэр бүлээ бүтэн авч үлдэхийн тулд хэлээ хазаж, сорвио нуун хохирсоор байна. Харин хүчирхийлэгчид үүнд нь улам даварч ердөө л уучлалт гуйсан хэдэн үгээр аргадана, эсвэл бүр айлган сүрдүүлдэг. Эцэст нь хүч мөхөс эмэгтэйчүүд эрүүл мэнд, амь насаараа ч хохирч үлддэг, зарим нь хорвоогоос үдэгддэг. Ихэнх хүчирхийлэл цоожтой хаалганы цаана үйлдэгддэг гэдэг. Түүнийг ил болгож, хариуцлагыг чангатгахгүй бол ойворгон зантай эрчүүдийг илчлэхгүй бол хүчирхийлэгчид улам бүр далд байдлаас далайдаг болох нь байна шүү.
Эх сурвалж: Erennews.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

