| |

Хонконгод хэдэн сарын турш үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал Монголыг зорих хятад жуулчдын тоог нэмэгдүүлсэн талаар нэгэн сонирхолтой нийтлэл https://www.ozy.com сайтад гарчээ. Ялангуяа өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн барааны борлуулалтад хятад жуулчдын хувь нэмэр их байгааг уг нийтлэлд дурдсан байна. Нийтлэлийг орчуулан хүргэе.
Уг нь Монгол бол тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүнтэй холбогдоод байдаг улс биш. ДНБ-ий хэмжээ нь Армен, Тувалу, Шри-Ланка зэрэг улсынхаас ч бага. Ганц том хот Улаанбаатар нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэлээс гадна хамгийн их бохирдолтой хот гэсэн таагүй нэр зүүдэг. Гэтэл саяхнаас дэлхийн том тансаг брэндүүд энэ улсыг шохоорхоод эхэллээ. Шалтгаан нь хятад хэрэглэгчид Монголыг зорьдог болсонтой холбоотой. Хонконгод хэдэн сарын турш үймээн самуун болж байгаа нь Хятадын тансаг зэрэглэлийн жуулчид Монголыг зорих шалтгаан болжээ. Монголын эдийн засаг сүүлийн хэдэн жилийн турш уул уурхайгаас, ялангуяа зэсээс маш их хамааралтай байлаа. Гэтэл зэсийн үнэ байнга өөрчлөгдөж байдаг нь энэ улсын эдийн засгийг эмзэг болгодог. Тийм учраас хятадуудад дөрөөлсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх сонирхол тэдэнд байна. Ялангуяа, тансаг, дээд зэрэглэлийн үнэтэй бараа худалдан авдаг хятадуудад тулгуурласан аялал жуулчлал тэдний хамгийн том сонирхол. Сүүлийн жилүүдэд Rolex, Versace, Burberry, Gucci зэрэг тансаг брэндүүд Монголд салбараа нээсэн. Монголыг зорих хятад жуулчдын тоо 2018 онд 19 хувиар нэмэгджээ. Монгол дахь дээд зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний борлуулалт 15 хувиар өссөн нь дотоодын хэрэглэгчдээс шалтгаалсан өсөлт биш байлаа. Мөн жижиглэн худалдаа нь 22 хувиар өсөж, 2.9 тэрбум ам.доллар болсон. Энэ бүх өсөлт нь Хонконгод эсэргүүцлийн жагсаал гарсан яг тэр үетэй давхцаж байгаа юм. Энэ хугацаад Монголд очих хятад жуулчдын тоо 30 хувиар өссөн бол Хонконгийг зорих хятадын жуулчид 42 хувиар цөөрчээ. Хятад хэрэглэгчид бол дэлхийн тансаг бараа бүтээгдэхүүний эдийн засгийг урагшлуулагчид байдаг. Энэ төрлийн барааны борлуулалтын 30 хувийг хятадууд дангаараа бүрдүүлдэг. Энэ онд Хонконг дахь тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний борлуулалт 30-60 хувиар унах таамаг бий. Тэгэхээр Монголын тансаг зэрэглэлийн барааны борлуулалт өссөнд гайхах зүйл алга. "Хятадын эдийн засаг хэчнээн удааширсан ч тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний эрэлт аварга хэвээр байх болно” хэмээн Бээжин дэх Creative Union стратегийн фирмийн Томас Клейн хэлж байна. Монгол Улс ч хятад жуулчдыг татахаар янз бүрийн арга хэмжээ авсаар байна. Өнгөрсөн онд Монголд жуучлахаар ирдэг хятадуудад зориулж хөтөч нарт хятад хэлний үнэгүй сургалт явуулсан. 2019 онд Монголын аялал жуулчлалын яам хил залгаа өвөр монголчуудад зориулан соёл, жуулчлалын өдрийг цувралаар зохион байгуулсан. Мөн спортын арга хэмжээ, мото спортын фестивал зэрэг төрөл бүрийн арга хэмжээ зохиосоор байна. McKinsey компанийн судалгаагаар хятад хэрэглэгчид 2018 онд тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авахад 115 тэрбум ам.доллар зарцуулжээ. Дараагийн гурван жилд хятад хэрэглэгчид энэ зах зээлийн худалдан авалтын 65 хувийг дангаараа бүрдүүлж, нийт зарцуулах мөнгө нь 170 тэрбум ам.долларт хүрэх тооцоо бий. Хятадуудын тансаг зэрэглэлийн бараа худалдан авалтын 70 хувь нь хилийн чанадад хийгддэг. Хэдийгээр Хятадын том хотуудад дэлхийн аварга брэндийн дэлгүүр олон байгаа ч татвар өндөр. Энэ оны наймдугаар сарын байдлаар Хятад дахь тансаг ангиллын бараа бүтээгдэхүүний үнэ Францтай харьцуулахад 33 хувиар өндөр байв. Харин Хонконг бол хамгийн бага татвартай гэдгээрээ дэлхийд алдартай. Гэтэл сүүлийн хэдэн сарын үймээн Хонконгийн тансаг барааны борлуулалтыг бууруулсаар байна. Ялангуяа бугуйн цаг, үнэт эдлэлийн борлуулалт 47 хувиар багасчээ. Тиймээс Бээжингээс ердөө ганц цаг нисээд хүрэх Улаанбаатар хот хятад жуулчдын хувьд таатай орчин болж хувираад байна. Тэгээд ч Монголд НӨАТ 10 хувьтай байдаг бол тансаг зэрэглэлийн барааны нэмэлт татвар огт байдаггүй. Улаанбаатар хотын харилцаа холбоо, дэд бүтцийг Хонконгтой харьцуулах аргагүй нь мэдээж. Гэхдээ Хонконгийн хямралыг ашиглаад Монгол Улс ашиг хүртэх жижигхэн боломж байсаар байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

