| |
Парламент өнгөрсөн баасан гарагт Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх хууль баталлаа. Тус хуулийг энэ оны эхнээс тооцон хэрэгжүүлэх бөгөөд ахмадуудын зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэж, түүнээс дээш зээлтэй ахмадууд үлдсэн зээлээ өөрөө төлөхөөр хуульчлав. Мөн нас барсан иргэдийн тэтгэврийн зээлийг бүрэн тэглэхээр шийдвэрлэжээ. Эдгээрт 776 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд тэтгэврийн зээл тэглэх мөнгөн хөрөнгийг босгохдоо ""Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлнө” гэж заажээ. Энэ заалтын дагуу Салхитын мөнгөний ордыг барьцаалсан үнэт цаасыг Монголбанк худалдан авахаар болов. Мөн Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХын тогтоолд Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эрсдэлд оруулахаас сэргийлэх үүднээс шаардлагатай тохиолдолд "Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг судалж, танилцуулах үүргийг Засгийн газарт өгөх заалт оруулжээ.Зарим гишүүн Засгийн газар бонд гаргахгүй гэсэн байр сууринаас хандаж хуулийн төслийн 5.6д тусгаад байсан "Салхитын мөнгөний ордын үнэт цаасыг худалдан авснаас болж Монголбанкны өөрийн хөрөнгө буурсан тохиолдолд Засгийн газар бонд гаргаж Монголбанкинд эзэмшүүлж нөхнө” гэсэн заалтыг хасах санал гаргасан. Харин УИХын гишүүд Монголанкны эрсдэлийг Засгийн газар бонд гаргаж хариуцах нь зөв гэж үзсэнээр тус заалтыг хасах саналыг дэмжээгүй юм. Мөн хуулийн төсөлд арилжааны банкууд цаашид тэтгэврийн зээл олгохгүй байхаар тусгасныг гишүүд эсэргүүцэж өөрчлөх санал гарган дэмжив. Ингэхдээ эдийн засаг болон нийгмийн бодлого хариуцсан байнгын хорооноос гаргасан тэтгэврийн зээлийг зогсоолгүй цаашид зургаан сараар өгч байх саналыг гишүүдийн олонх дэмжсэнээр ахмадууд тэтгэврийн зээл авах боломжийг үлдээв. Харин тэтгэврийн зээлгүй ахмадуудыг ялгаварлахгүй байх үүднээс Салхитын ордыг барьцаалсан үнэт цааснаас 197 тэрбум төгрөгийн дүнтэй тэнцэх үнэт цаас тараахаар болсон. Зээлгүй ахмадад нэг сая төгрөгийн үнэт цаас тараах шийдвэрийг зарим намын төлөөлөл эсэргүүцэж төв талбайд жагсаал зохион бай гуулав. ШИНЭ намынхан ах мадын тэтгэврийн зээлийг тэглэхдээ иргэдээ ялгаварлаж буйг эсэргүүцсэний зэрэгцээ "Нэг сая төгрөгийн үнэт цаас гаргах нь өмч хувьчлалаар ягаан, цэнхэр тасалбар өгч иргэдээ хуурсан явдлаас ялгаагүй” гэж шүүмжилсэн. УИХ-аас үүнийг шийдвэрлэхдээ Салхитын мөнгөний ордоос орох орлогыг барьцаалан ирэх оны тавдугаар сараас зээлгүй байсан иргэд мөнгөжих боломж той гэж үзсэн юм. Мөн тэтгэврийн зээл нь нэг сая төгрөг хүрэхгүй 40 гаруй мянган иргэний зөрүү мөнгийг үнэт цаас хэлбэрээр олгохоор болжээ. УИХын гишүүн Я.Содбаатар үүнийг тайлбарлахдаа "Салхитын мөнгөний ордоос 2.6 их наяд төгрөгийн орлого орох боломжтой. Үүний 1.3 их наяд нь цэвэр орлого. Түүнээс 900 гаруй тэрбум төгрөгийг зээл тэглэх, үнэт цаас олгоход зарцуулах тооцоо хийсэн. Тиймээс зээлгүй байсан ахмадууд 2021 оны тавдугаар сараас үнэт цаасаа мөнгө болгох боломжтой. 2021 он гэж хугацаа заасан нь Монголбанк, Сангийн яам болон бусад байгууллагаас өнөөгийн нөхцөлд бэлэн мөнгө тараавал инфляц, валютын ханш өсөх, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх эрсдэлтэй гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргалаа” гэв. Ийн ахмадуудыг олон ангилж, ялгавартай хандсан шийдвэрийг парламентаас гаргаж хуульчиллаа. Харин иргэнийг нас хүйсээр нь ялгаварлахгүй тэгш хандана гэсэн Үндсэн хуулийн суурь зарчимд шинэхэн хууль хэрхэн нийцсэнийг иргэний өргөдөл, гомдол Цэцийн байр суурь харуулах биз ээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

