| |

Ч.Алтанхуяг болон тус газрын Санхүү, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү нарыг Эрүүгийн хуулийн 22.4-5 дахь хэсгийн "Улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан бусдаас хахууль авсан” гэх үндэслэлээр НПГ-аас яллагдагчаар тооцсон гэдгийг ч тухайн үед албаны эх сурвалж хэлж байсан. Учир нь тэд Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг "Чингис хаан” банкны дансанд байршуулсан аж. Улмаар дөрөвхөн сарын хугацаанд дансны үлдэгдлээс 1-1.3 хувийн хүү бодож нийт 86 сая гаруй төгрөг тус банкны удирдлагаас авсан гэдэг нь мөрдөлтийн явцад тогтоогдсон байдаг.
Уг хэрэгт дээрх банкны гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг ч бас яллагдагчаар тооцсон билээ. Түүнийг Б.Баярхүүгээр дамжуулан ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягт өнгөрсөн оны 6-9 дүгээр сарын хооронд дээрх хэмжээний мөнгийг хахууль болгон өгсөн гэж буруутгасан.
2017 онд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар гэж байхдаа "Чингис хаан” банктай мөнгөн хадгаламжийн гэрээ жилийн 15.2 хувийн хүүтэй байгуулсан аж. Улмаар хүүгийн хэмжээг нэг бус удаа өөрчилж байжээ. Уг нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан тус сангийн чөлөөт үлдэгдлийг зарцуулах, банканд хадгалуулах, Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас худалдан журмын дагуу ажиллаж "Чингис хаан” банктай гэрээ байгуулсан юм байна. Гэвч хуулийн этгээдэд давуу байдал бий болгосныхоо төлөө дээрх банкны хувьцаа эзэмшигч "Нью стандарт финанс” ХХК-ийн дансаар гүйлгээ хийж байсан нь тогтоогдсон ажээ. Энэ банкны хувьцаа эзэмшигч "Ньюстандарт финанс” ХХК-ийн толгой тал нь МАН-ын нэр, нөлөө бүхий улстөрчдийн гар хөл гэдэг нь ч олонд аль хэдийнэ ил болсон. Гэтэл өнөөдөр их Хааны нэртэй энэ банк мөн л дампуурлын ирмэг дээр очсон бололтой. Тэднийх иргэдийн хадгаламжийг "Капитрон” банк руу байршуулж эхэлсэн тухай мэдээ байна. Энэ бол сайн мэдээ биш. Монголд арилжааны банкаар дамжуулан иргэдийн болоод төсвийн мөнгийг угаадаг, эцэст нь тэр банкийг "эвтэйхэн” дампууруулдаг үзэгдэл туршлага мэт харагдах боллоо. НДС-гийн мөнгийг байршуулж, угаасан "Капитал” банкийг дампууруулсан шигээ ЭМДС-гийн мөнгөтэй холбогдсон "Чингис хаан” банкны ирээдүй хэрхэх бол гэдэг асуулт хариулт хайж байна.
ЭХ СУРВАЛЖ: NERTUR.MN
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

