| |

(АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ажилчидтай уулзах үедээ маск зүүгээгүй байв)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орноо буцаан нээх хүчин чармайлтаа идэвхжүүлж эхэллээ. Тэрбээр цар тахлын улмаас өвчлөл, үхэл нэмэгдлээ ч гэсэн америкчууд хэвийн амьдралдаа эргэн орох ёстой хэмээн мэдэгдэв. Тэрбээр сүүлийн сард анх удаа нийслэлээс гарч Феникст очихдоо АНУ коронавирусийн хоёр дахь шатны эсрэг арга хэмжээ авахад бэлэн байгаа гэжээ. Эдийн засгийг нээснээр өвчин зовлон нэмэгдэж болзошгүйг Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрсөн юм. "Зарим хүнд нөлөөлнө, заримд нь хүндээр тусах байх. Гэхдээ бид улс орноо нээх ёстой, аль болох түргэн нээх ёстой” хэмээв. Ноён Трамп Фениксийн амны хаалтын үйлдвэрт зочлохдоо урт хугацаанд хөл хорих нь эдийн засагт нөхөж болшгүй хохирол учруулахыг анхаарууллаа. Тэрбээр америкчууд түргэн арга хэмжээнээс болгоомжилж байгаа мэдэж буй тул өөрсдийгөө "дайчид” хэмээн бодож гэр орноосоо гарахыг уриалан зоригжуулжээ.АНУ дэлхийн коронавирусийн төв болж 1.2 сая хүн халдвар авч, 70 мянган хүн нас бараад байгаа нь энэ жил дахин сонгогдохыг эрмэлзэж буй Трампын хувьд таагүй үзүүлэлт. Түүнчлэн 30 гаруй сая америкчууд цар тахлын үед ажилгүй болоод байна. Трамп нийгмийн зай барих арга хэмжээг зөөлрүүлж, бизнесийг нээхийн сацуу аюулгүй ажиллахыг сануулав. Д.Трамп үйлдвэрээр явахдаа засаг захиргаанаас гаргасан журмыг зөрчиж, амны хаалт зүүгээгүй юм. Түүний сонгуулийн сурталчилгааны ая эгшиглэхэд зөвхөн хамгаалалтын нүдний шилтэй явж байв. Түүнчлэн Цагаан ордны өндөр албаныхан мөн адил маск зүүлгүй олны өмнө гарч иржээ. Гэтэл үйлдвэрийн ажилчид, туслахууд болон хэвлэлийнхэн бүгд масктай байлаа. Трамп "Би манай авьяаслаг ард түмний хамтаар дэлхийн түүхэнд хамгийн агуу эдийн засаг бүтээсэн. Гэтэл хэн нэгэн улс орноо хаа гэж байна. Үгүй, одоо нээх цаг нь болсон” гэв. Нийтийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд хөл хориог хэт эрт зөөлрүүлбэл халдварын хоёр дахь давалгаа ирж, дахиад бүхнийг хаахад хүрч болзошгүйг анхааруулж буй. Жон Хопкинсийн их сургуулийн гаргасан загварчлалаар зургадугаар сарын 1-нээс АНУ-д коронавирусээр нас баралтын тоо өдөрт 3000 хүрч болзошгүй. Түүнчлэн Вашингтоны их сургуулийн эрдэмтдийн судалгаанаас үзвэл наймдугаар сарын эхээр нас барагсдын тоо 135 мянгад хүрч магадгүй байна. Гэвч Ерөнхийлөгч энэ талаар ярихдаа "Эдгээр загварчлал эхнээсээ л буруу байсан. Хоёулаа дээд, доод хязгаараар тооцсон. Тэд хэтэрхий сандарч тэвдсэн байх” гэсэн юм. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кайли МкЭнани Хопкинсийн загвар зөөлрүүлэх арга хэмжээг буруу өгөгдөлд суурилсны зэрэгцээ холбооны засаг захиргааны тооцоог тусгаагүй гэж шүүмжилсэн юм. Санал асуулгаар америкчуудын 69 хувь нь COVID-19-д санаа зовж байгаа үед Ерөнхийлөгч Д.Трамп эдийн засгаа нээхийг хүчтэй уриалсан нь мэргэжилтнүүд хийгээд ард олны эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

