| |
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2021 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцсэн. Тус чуулганы төгсгөлд Монгол Улсад нүүрлээд буй эдийн засгийн хямралтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар ард иргэдийг хэмнэлтийн горимд шилжихийг уриалсан юм. Тэрээр ”УИХ-ын гишүүд төдийгүй ард түмэндээ эдийн засгийн өсөлтөд нүүрлээд буй үнэн бодит байдлыг хэлэх хэрэгтэй байна. Эдийн засгийн хориг худалдаа, санхүүгийн үйл ажиллагааг хумьснаар дэлхий даяар барааны үнэ өсөж байна. Монгол Улсын хувьд цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэй тээвэр ложистикийн хямрал нүүрлэж байсан бол өнөөдөр дайны нөхцөл байдал хүндрэл бэрхшээлийг улам нэмж байна. Мөн дэлхийн эдийн засгийн харилцаанаас тодорхой хэмжээгээр таслагдаж, үнийн өсөлт нүүрлэсэн нь дотоод бус гадаад хүчин зүйлээс шалтгаалж байна. Ийм учраас нийт ард иргэд маань хэмнэлтийн горимд шилжиж дэлхий даяар болж байгаа үйл явдлын Монголд туссан сүүдрийг бодитоор ойлгох хэрэгтэй байна” гэсэн юм.
Гадаад хүчин зүйлээс шалтгаалан инфляц өсөж, ам.долларын эсрэг төгрөг суларсан энэ цаг үед УИХ-ын даргын хэлсэнчлэн бүх нийтээрээ хэмнэх хэрэгтэй аж. Хэрэв хэмнэхгүй бол инфляцын түвшин нэмэгдэх эрсдэлтэй гэж эдийн засаг судлаачид дүгнэж байна. Тиймээс ч Засгийн газар бүсээ чангалж хэмнэлт хийж эхэллээ. Тухайлбал, төрийн өмчийн зарим том оврын автомашиныг дуудлага худалдаагаар борлуулан, мөнгийг нь улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хэлэхдээ, "Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани болон төсөвт байгууллагууд, яам, агентлагуудын ашиглаж байгаа нэг мянга гаруй тээврийн хэрэгсэл байна. Эдгээр автомашинтай холбоотойгоор жилд 11 тэрбум төгрөгийн зардал гардаг бөгөөд энэ зардлыг бууруулахын арга хэмжээ авч эхэлсэн. Ингэхдээ төрийн өмчийн зарим том оврын автомашиныг дуудлага худалдаагаар борлуулж, мөнгийг нь улсын төсөвт төвлөрүүлнэ. Мөн хууль хяналтын байгууллага болон хөдөө орон нутагт хэрэглэж болох автомашиныг шилжүүлэх зохицуулалт хийнэ. Машины тоо цөөрөхөөр жолоочийн тоо цөөрнө" гэв.
Ийнхүү төр хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлж том оврын автомашины урсгал зардлыг танахаар болов. Төрийн жишгээр иргэд ч бүсээ чангалж, төгрөгийг дотоодын зах зээлд эргэлдүүлэх шаардлага тулгарч байна. Үүний тулд юун түрүүнд хэрэглээний зардлаа танах нь зүй. Тухайлбал, ус цахилгааны хэрэглээгээ хянаж, хазаарлаад зогсохгүй автомашины шатахуун, сэлбэг хэрэгслийн зардлыг ч танах боломжтой. Харин оронд нь түлш бага хэрэглэдэг цахилгаан дугуй, скүүтэр зэрэг тээврийг сонгох нь тохиромжтой юм.
2020 оны эхний есөн сарын байдлаар унадаг дугуйтай холбоотой 15 осол бүртгэгдсэн
Цахилгаан тээвэр хэрэглэх нь замын түгжрэл багасаж, автомашинаас гарах утааны хэмжээг буурах, цаашлаад дуу чимээний бохирдлоос ангид байх эрэг олон давуу талтай. Харин хэрэглэгч нь мөнгө, цаг, замын түгжрэлээс үүдэх стрессээс ангижрах боломжтой. Гэвч цахилгаан тээврийг унах зориулалтын зам хангалтгүй байна. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд ердөө 90 орчим км дугуйн зам бий. Ийнхүү дугуйн зам хүрэлцээгүй байгаа нь цахилгаан тээврийг унаж байгаа хүн осол аваарт орох тохиолдолд хэрхэн нөлөөлж байгааг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Зориг хэлсэн юм. Тэрээр "Цахилгаан тээврийг унаж замын хөдөлгөөнд оролцохдоо гарсан осол аваарын дуудлага бусад осол аваарын дуудлагатай харьцуулахад харьцангуй цөөхөн. Тухайлбал, 2020 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд унадаг дугуйтай холбоотой осол 15 бүртгэгдсэн. Үүнээс тав нь хүн гэмтээсэн бол үлдсэн нь автомашины толь шүргэсэн байдлаар бүртгэгдсэн. Гэвч зориулалтын дугуйн зам цөөхөн байгаа нь цахилгаан тээвэртэй холбоотой осол аваар гаргахад нөлөөлж байна. Мөн замын хөдөлгөөний дүрмийн 25.4-т зааснаар унадаг дугуйг 14-өөс, мопедийг 16-аас дээш насны хүн жолоодох эрхтэй байдаг" гэлээ.
Нийслэлд цахилгаан тээвэр унахад дугуйн зам хүрэлцээгүй байдгийг цагдаагийн алба хаагч хэлсэн юм. Тэгвэл иргэд ч санал нэг байгаагаа илэрхийллээ. Энэ талаар цахилгаан тээвэр хоёр жил унаж хэрэглээндээ нэвтрүүлсэн Ж.Бямбасүрэн: "Цахилгаан тээвэр нь нийгэм болоод хувь хүнд олон давуу тал бий болгодог. Гэвч манай улсад хөгжингүй орнуудынх шиг зориулалтын дугуйн зам байдаггүй. Анхаарал болгоомжтой явахгүй л бол энд тэндээс машин гарж ирээд шүргэх эрсдэлтэй. Харин явган хүний замаар явахаар хүн дайрчих гээд хэцүү” гэлээ. Цахилгаан тээврийг хэрэглээндээ нэвтрүүлэх нь олон талын давуу талтай ч унаад явахад зориулалтын зам хүрэлцээгүй нь олон талын асуудал үүсгэж байгаа юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

