| |
Боловсролын зээлийн сангийн дарга Д.Гардиас цаг үеийн асуудаар цөөн асуултад хариулт авлаа.
-Боловсролын зээлийн сан энэ онд хэдэн хүүхдэд тэтгэлэг болон зээл олгосон бэ?
-Манайд дотоод, гадаад гэсэн нийт 10 гаруй хөтөлбөр бий. Энэ хичээлийн жилд дотоодын буцалтгүй тусламжийн 19 тэрбум, дотоод оюутны хөгжийн зээлд 14 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан. Харин гадаад тэтгэлэгт Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тэтгэлэг гэж байдаг. Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт нийт 251 хүүхэд хамрагдсан бөгөөд нийт 7 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан. Харин Ерөнхий сайдын тэтгэлэгт 28 хүүхэд гадаадад суралцахаар явсан бол дотоод суралцах 48 оюутанд санхүүгийн дэмжлэг олгосон. Нийт 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилттэй.
-Тэгвэл танай сан иргэдээс хэдий хэмжээний авлагатай байна вэ?
-Гадаадад сурахаар явж байгаа хүүхдүүдэд эхний ээлжид тэтгэлэг хэлбэрээр сургалтын зардал олгодог. Гол шаардлага нь тухайн мэргэжлээрээ амжилттай төгсөөд, Монгол Улсдаа 5 жил ажиллах ёстой. Ингэж байж зээлээс чөлөөлөгдөнө. Хэрвээ гэрээгээ зөрчсөн бол эргэн төлөлтийн асуудал яригдана. Одоогийн байдлаар гэрээний үүргээ биелүүлээгүй 400 гаруй хүн байна. Энэ нь 10 тэрбум төгрөгийн асуудал байгаа. Тэр хүмүүсийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж байгаа.
-Тэгвэл Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаад улсад сурсан иргэдийн хэдэн хувь нь гэрээний үүргээ биелүүлж эх орондоо ирж ажиллаж байна вэ?
-БСШУЯ болон Сангийн яамны хамтарсан шалгалт хийсэн. 2022 онд яамны Дотоод аудитын шалгалт хийсэн. Шалгалтаар 1000 орчим нь сургуулиа төгсөөд эх орондоо ирж, тав болон түүнээс дээш жил ажилласан буюу гэрээний үүргээ биелүүлсэн. Хэрэв гэрээний дагуу ирж ажиллаагүй бол энэ нь зээл болно гэж дээр хэлсэн. Гэрээний үүргээ биелүүлээгүй 400 орчим хүүхэд байгаа бөгөөд төрд 10 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулах эрсдэл үүсгэсэн гэж үзэж хууль хяналтын байгууллагад шилжүүлж байна. 1800 суралцагчийн 80 хувь нь эх орондоо ирээд нийгмийн даатгалын шимтгэл төлөөд тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байна.
Мөн 2022 оноос Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг авсан хүүхдүүдийн мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгүүлэх гэж байна. Монгол Улсын хэмжээнд арилжааны банкнаас зээл авсан иргэдийн бүх мэдээлэл Монголбанкны зээлийн санд бүртгүүлдгийн адил боловсролын тэтгэлэг авсан оюутнуудын мэдээлэл бүртгэгдэнэ гэсэн үг.
-Тэгвэл гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүсийн нэрийг зарлах боломжгүй юм уу?
-Сайд өмнө нь энэ талаар мэдээлэл өгч байсан. Тодруулбал, Мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаар зээл авсан суралцагчдын мэдээллийг овог, нэрээр нь ил тод зарлах ёстой гэж заасан. Гэтэл Хувь хүний нууцын тухай хуульд "Тухайн иргэнээс зөвшөөрөл авсны дараа мэдээллийг ил тод болгоно” гэсэн заалт бий. Энэ хоёр хуулийн зөрчил байгаа учраас одоохондоо хүмүүсийн мэдээллийг ил болгох боломжгүй. Салбар яамны зүгээс хоёр хуулийн зөрчлийг арилгуулахаар УИХ-д асуудал оруулах гэж байгаа гэсэн. Хуулийн зөрчил арилбал өнгөрсөн 30 жилийн хугацаанд Боловсролын зээлийн сангаас зээл авсан 1.3 сая иргэний хэзээ ямар зээл авсан, төлөгдсөн эсэх мэдээлэл нь нэртэйгээ ил тод болох эрх зүйн орчин бүрдэх юм.
https://itoim.mn/a/2023/02/27/society/fma
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

