| |

ОХУ-аас Туркид суух Элчин сайд Андрей Карловыг нийслэл Анкара хотод гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож байхад нь 22 настай цагдаагийн ажилтан байсан залуу буудан хөнөөсөн хэрэг гарсан билээ.
Тэгвэл гэмт хэрэгтэн болох Мевлут Мерт Алтинтас гэгч өнгөрсөн долоодугаар сард болсон цэргийн эргэлтийг хөшигний араас удирдсан гэх лалын шашны бүлэглэлийн удирдагч Фетхуллах Гюлены хамсаатан байсан гэдгийг Туркийн Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдоган анх удаагаа олон нийтэд мэдэгджээ.
Түүнийг мэдэгдэл хийхээс өмнө цагдаагийн тусгай ажилтнууд гэмт хэрэгтний гэрт нь нэгжлэг хийх үедээ хувийн эд зүйлсээс нь Гюлены дэмжсэн утга агуулга бүхий бичвэрийг олсон байна. Мөн түүний танилууд дунд Гюлены дэмжигчид байдаг гэдгийг илрүүлжээ. Фетхуллах Гюлен эдүгээ АНУ-д орогнож буй юм.
Тэрбээр 1999 оноос тус улс руу дүрвэж, тэндээ амьдрах болсон байдаг. Гэвч Гюлен ОХУ-ын Элчин сайдын амийг егүүтгэсэн явдлыг хүчтэй шүүмжилж, энэ хэрэгт ч, цэргийн эргэлтэд ч оролцоогүй гэдгээ онцолсоор байна.
Харин ОХУ-ын талаас хэрэгт яаран дүгнэлт хийж болохгүй гэх байр суурийг баримталж байгаа юм. Туркийн Засгийн газар Ерөнхийлөгч Р.Эрдоганыг суудлаас нь түлхэн унагах зорилготой долоодугаар сарын 15-ны цэргийн эргэлтийн дараагаас Гюлены хамсаатнуудыг "Фетхуллахыг дэмжигч террорист бүлэглэл” хэмээн нэрлэж, дарамт шахалт үзүүлж эхэлсэн байдаг.
Гюлен ОХУ-ын Элчин сайдын амийг егүүтгэсэн явдлыг хүчтэй шүүмжилж, энэ хэрэгт ч, цэргийн эргэлтэд ч оролцоогүй гэдгээ онцолсоор байна.
Үүний улмаас хэдэн арван мянган хүмүүс баривчлагдан, хоригдож, зарим нь ажлаасаа халагдсан юм. Гэвч энэ удаагийн ОХУ-ын Элчин сайдын үхэлтэй холбоотойгоор шашны удирдагчийг дэмжигчдийг дахин хоморголон баривчилж магадгүй болжээ. ОХУ-ын Элчин сайд Андрей Карлов энэ сарын 19-ний өдөр Анкара хотноо амиа алдсан юм.
Түүний үхэлд ОХУ-ын Сирид явуулж буй цэргийн ажиллагаа нөлөөлсөн гэж зарим ажиглагчид үзэж буй. Хэдийгээр ОХУ Элчин сайдынхаа үхэлтэй холбоотойгоор хариу арга хэмжээ авахгүй гэдгээ илэрхийлсэн ч, Сирид явуулж буй Турк-ОХУ-ын цэргийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Андрей Карловыг хөнөөж, өөрөө Туркийн цагдаад буудуулж нас барсан гэмт хэрэгтэн үзэсгэлэнгийн танхимд есөн удаа гал нээснийхээ дараа "Аллах Акбар”, "Алеппог битгий март” гэж хашхирч байсныг тэнд байсан хүмүүс гэрчилсэн удаатай.
Дашрамд дурдахад, амиа алдсан Элчин сайдын цогцсыг мягмар гарагийн шөнө эх оронд нь авчирсан төдийгүй, ОХУ-ын баатар цолыг нэхэн олгосон зарлигт тус улсын Ерөнхийлөгч В.Путин гарын үсэг зурсан гэнэ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

