| |
Өнөөдрийн нийгэмд цахим ертөнц хүн төрөлхтөнд цаг зав, хөдөлмөр хэмнэх аятай боломж олгосон хэдий ч мөн эрүүл мэнд, цаг хугацааны дайсан болон хувирч байгааг хүн бүр хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгийн судалснаар Facebook болон бусад ижил төрлийн аппликэйшн хэрэглэхэд хүний өдрийн ажлын бүтээмж 40% орчим буурдаг гэсэн дүн гарчээ. Хийх ажил ихтэй, ачаалалтай байх үедээ л бид өөрсдийн жинхэнэ бүтээлч байдлын төвшинг олж хардаг. Надад ухаалаг утас хэт их хэрэглэснээс болж толгой өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг багагүй илэрч байв. Тиймээс ухаалаг утасны хэрэглээгээ хязгаарлах шаардлага гарав. Энэ удаагын нийтллэлээрээ бид уншигчиддаа цахим орчноос хөндийрөх төдийд юу тохиолдож болох тухайд хуваалцая.
1. ХҮМҮҮС ТАНЫГ АМИА ХОРЛОХ ГЭЖ БАЙГАА МЭТ Л ХҮЛЭЭЖ АВНА
Та өөрийн цахим хуудсаа бусдад мэдээлэл өгөх, өөрийн аж амьдрал, үйл хөдлөлөө зарлаад байхын тулд бус мэдээлэл авах, бусдыг ажиглахын тулд хэрэглэдэг байж болох юм. Харин тэдгээр хуудсаа идэвхгүй болгож хаасан хойно л таныг байхгүй байгааг анзаарах нөхөд цөөнгүй байх болно. Нэг төрлийн бусдын анхаарлыг татах тэнэг арга шиг сонсогдож байж болох ч өөрийнхөө төлөө хийх хамгийн сайн арга гэж хэлмээр байна. Найзууд чинь таны утас уруу залгаад: "Чи facebook, twitter-ээ хаачихсан юм уу? Зүгээр үү? Ямар нэгэн муу зүйл болоогүй биз дээ?” гэх мэтчилэн асууж мессэж бичих нь энгийн үзэгдэл. Хүний амьдрал зөвхөн тэнд л оршдог буй мэт аашлахыг нь яана.
2. ХУУЧИН НАЙЗ ЗАЛУУ/БҮСГҮЙ ТАНЫГ СЭТГЭЛИЙН ГҮН ХЯМРАЛД ОРСОН ГЭЖ БОДНО
Хүмүүс салсан нэгнийхээ тухай сонсож мэдэхгүй байхын тулд нэгнийгээ блок хийдэг гэх хандлагатай байдаг бол Facebook хуудсаа хаасан байх нь сэтгэл санааны гүн хямралд орсон хүн нийгмээс өөрийгөө тусгаарлаж байгаа хэрэг гэж бодно. Хүний сэтгэл санааны байдлыг цахим орчноор дамжуулан унших боломжтой гэсэн сэтгэхүй нь арай л өөр төвшнийх.
3. АЖЛЫН БҮТЭЭМЖТЭЙ БОЛНО
Та тархиндаа хэрэгтэй хэрэггүй олон мянган мэдээлэл хүлээж авахаа болих тэрхүү цаг хугацаанаас эхлэн танд унтаж амрах цаг нэмэгдэж, ажлын бүтээмж болон эрч хүч нэмэгдэнэ. Өөрийн биеийн хөгжилд анхаарал хандуулж, амьдралын зөв хэв маягтай болох эхлэл тавигдах нь тэр дээ.
4. ТАНД ЧУХАЛ ХҮМҮҮСИЙГ ТАНИНА
Таны эргэн тойрны хүмүүстэй жинхэнэ амьд харилцан яриа үүсгэнэ. Ингэхэд бусадтай харилцах харилцаагаа анзаарч, таны амьдралд хэн чухал, хэн чухал бус гэдгийг олж мэднэ. Хүн хүнээрээ хайрлагдах шиг гайхамшиг энэ хорвоод үгүй гэдэг. Харин таны цахим ертөнц танд тэр гайхамшгийг мэдрүүлдэг бил үү?
5. АМЬДРАЛ ИЛҮҮ СОНИРХОЛТОЙ БОЛНО.
Өмнө нь та банканд дарааллаа хүлээж зогсохдоо, замд түгжирч явахдаа үргэлж цахим ертөнцөд орчихсон утсаа тогшиж зогсдог байсан бол одоо харин хийх зүйлгүй болсон өөртэйгөө нүүр тулна. Ингэхдээ Өглөө босоод өглөөний цайндаа юу идэж байгаагаа ч үл анзааран Facebook болон Twitter-ийн шинэ мэдээллүүдийг шалгаж байхын оронд идэж байгаа хоолны амт, цонхоор харагдах модны шинэхэн цухуйж буй навчсыг харах, бусдын биеэ авч яваа байдал, үйл хөдлөлийг ажиглах зэрэг эргэн тойрондоо байгаа бүхнийг мэдэрч амьдралдаа илүү өнгө нэмэх таатай боломж олдож буй нь тэр юм.
6. ТАЙВАН БАЙДЛЫГ МЭДЭРНЭ
Хамгийн сайхан нь та амар амгалан байдлыг мэдэрнэ. Илүү их ном унших, дуу сонсох, шинэ хамтлаг дуучдыг олж мэдэх, өөр хөгжимд дурлах зэрэг өөртөө зарцуулах хангалттай цаг танд гарна. Танд өөртөө зарцуулах илүү их цаг байх тусам та өөрийгөө тэр хэмжээгээр хайрлах болно. Ийм байхад та хэзээ ч Facebook болон Twitter хуудсаа өмнөх шигээ өдөр бүр ухаж суухыг хүсэхгүй л байх болов уу.
Дээр бичигдсэн тохиолдлууд цахим орчноо хаасан байхад тохиолдож болох хамгийн энгийн тохиолдлууд. Харин уншигч та цахим хэрэглээгээ багасгахад ямар ач тустай, сонирхолтой, хөгжилтэй байсан тухай туршлагаасаа бидэнтэй хуваалцаарай.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

