| |
Үндсэн хуулийн цэц бол хуулийн хүрээнд "ариун” газар байх учиртай. Яагаад гэвэл цэц нь Монгол улсад Төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг "Үндсэн хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгох эрхтэй байгууллага. Хэрвээ энэ байгууллагын гишүүн ямарваа хууль бус үйлдэлтэй холбоотой, түүний гардан хийсэн, тэр нь хууль хүчнийхнээр тогтоогчихсон бол энэ байгууллагын гишүүн байтугай хаалгачийг нь ч хийх эрхгүй. Энэ "айлын” босго давсан хэнбугайг ч хууль хэмээх шүүлтүүрээр оруулж, шүүсийг нь шахаж гэмээн Цэц цэцээрээ үлдэнэ. Хууль бус зүйлд гар дүрсэн нэгэн хууль бус шийдвэр, хууль бус үйлдэл хийнэ. Цаашлаад үүнийгээ нуух гэж дахиад д хууль зөрчинө. Шударга бус хүнийг шургуулдаг газар Цэц яав ч биш.
"Үндсэн хуулийн цэцийн дээр зөвхөн хөх тэнгэр байдаг” гэх хэлц үг бий. Гэвч "Бидний дээр хөх тэнгэрээс өөр юу ч байхгүй, төр ч байхгүй, иргэн ч байхгүй" гэх үзлээр ажилладаг хууль бус хүн Цэцийн суудлаас цэцэрхэж байгааг бид хэр удаан харж суух вэ. Хүү нь ялтай, хүүдий нь дүүрэн хууль бус байртай Д.Сугар гэгч эрхэм хэдий болтол хуулиар тоглож, хийсэн гэмээ нууж суух вэ?
Эргэн сануулбал одоогоос таван жилийн өмнө энэ хэрэг дуулиан тарьж, зарим хэрэгтнүүдэд зохих ялыг нь оноосон ч Д.Сугар ҮХЦ-ийн гишүүн гэдгээрээ сугарч гарч үлдэж чадсан юм.
"Бидний дээр хөх тэнгэрээс өөр юу ч байхгүй, төр ч байхгүй, иргэн ч байхгүй" гэх үзлээр ажилладаг хууль бус хүн Цэцийн суудлаас цэцэрхэж байгааг бид хэр удаан харж суух вэ.
МИАТ-ийн захирал Б.Эрдэнэбилэг 2006 оноос "Дайны эрсдлийн даатгал” хэмээх зүйлийг МИАТ-т бий болгосон байдаг. Яг энэ үед Ташимо Сато гэх япон эр Хонконгод Best Wealth Aviation Insurance Group хэмээх компанийг байгуулж, МИАТ компанийн Эрсдлийн сангийн мөнгийг энэ компанийн данс гүйлгэж эхэлсэн. Эрсдлийн санг зорчигч нэг бүрийн худалдаж авсан тийзнээс тус бүр таван ам.доллар татах замаар бүрдүүлсэн бөгөөд мөнгө уг нь МИАТ-ийн өөрийнх нь дансанд байж байх ёстой байтал энэ мөнгө МИАТ-ын удирдлагуудын халаас руу орж улмаар мөнгө угаах эх үүсвэр тавигдсан байдаг.
2007 оноос хойш нийт 15 удаагийн гүйлгээгээр зургаан сая 928 мянган ам.доллар Best Wealth Aviation Insuranse Group-ын дансанд оржээ. Түүнээс Монгол руу эргэж орж ирсэн 4,7 сая ам.долларын эзэн холбогдогчийг цагдаагийнхан одоогоор тогтоогоод байгаа юм байна. Үүнээс 3.654.067 ам.доллар нь МИАТ компанийн Санхүү эрхэлсэн захирал Ч.Хоролсүрэнгийн хамаатан Очиржанцангийн Тамирын хувийн данс болон ерөнхий нягтлан Н.Гантөмөр, Ч.Хоролсүрэн нарын байгуулсан "Транс Трейд” ББСБ-ын данс руу орсон байна. Нийт зургаан удаагийн гүйлгээгээр.

Хачирхалтай нь, өнөөдөр өөрийгөө "өндөг шиг өөгүй” хэмээн тодорхойлдог Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар Хонконгийн HSBC банкнаас доод тал нь хоёр удаагийн гүйлгээ хийж, О.Тамирын банкин дахь хувийн данс руу дээрх мөнгөнөөс шилжүүлсэн байдаг юм. 2007 оны долдугаар сарын 16-нд 199.941 ам.доллар, мөн оны наймдугаар сарын 10-нд 116.956 ам.доллар. Түүгээр ч барахгүй ТӨХ-ны дарга Д.Сугар тэр үед МИАТ компанийн Токио дахь төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгч /Ч.Хоролсүрэн/-ийн зөвлөхийн ажлыг давхар хашиж, МИАТ компаниас сард 3000 ам.долларын цалин авч байсан байдаг. Энэ тухай Д.Эрдэнэбилэг захирлын 2008 оны зургадугаар сарын 3-ны өдрийн тушаал болон Ерөнхий төлөөлөгч Ч.Хоролсүрэнгийн мөн оны зургадугаар сарын 20-нд Японы цагаачлалын албанаас ажлын виз хүссэн албан бичгээс харагддаг. Японы Цагаачлалын албанд явуулсан бичигт Д.Сугарыг "МИАТ компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг” хэмээн бичсэн байдаг. Хуулиараа ТӨХ-ны дарга нь төрийн өмчит компанийнхаа ТУЗ-д ордог. Ийм байхад ноён Д.Сугар "Дайны эрсдлийн даатгалын мөнгө хаашаа орж байсныг би мэдээгүй, төлөх ёстой даатгал л юм байх гэж бодсон” хэмээн мэлзсэн.Түүнчлэн Д.Сугарын Ч.Хоролсүрэн нартай холбогдсон хоёр дахь баримт хөдлөшгүйгээр нотлогдсон байдаг.
Хачирхалтай нь, өнөөдөр өөрийгөө "өндөг шиг өөгүй” хэмээн тодорхойлдог Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар Хонконгийн HSBC банкнаас доод тал нь хоёр удаагийн гүйлгээ хийж, О.Тамирын банкин дахь хувийн данс руу дээрх мөнгөнөөс шилжүүлсэн байдаг
Ч.Хоролсүрэн 2008 оны тавдугаар сарын 22-нд Токиогийн Adachi дүүргийн Shinden буюу баячуудын хороололд байр худалдаж авсан. Д.Сугарыг МИАТ-ийн Төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгчийн зөвлөхөөр томилогдохоос өмнө, харин "Дайны эрсдлийн даатгал”-ын мөнгө Хонконг руу гарч, бас нөхдүүдийн халаасанд эргэж орж ирсний дараа. Байрны үнэд зориулж Ч.Хоролсүрэн хувийнхаа данснаас 48 сая иенийг уг барилгыг барьсан Towa Real Estate Development компанийн дансанд шилжүүлсэн байдаг. Монгол төгрөгөөр бол 500 гаруй сая төгрөг. Гэхдээ байрны үнийн хувьд одоогоос таван жилийн өмнө буюу 2008 оны ханш гэдгийг санах хэрэгтэй. Үүний дараа Д.Сугар эхнэрийн хамт очиж, барилгын компаниас шинэ байрныхаа түлхүүрийг гардаж авсан нь зураг хөрөгтэйгээ нийтлэгдсэн.
Гэвч Д.Сугар "Мөнгө угаасан гэх мэдээллийг сонсоод их цочирдсон. Миний ганц хэлэх зүйл бол тэр эргэлдээд байгаа, угаагдаад байгаа мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй ээ. Энэ үгийг шалгадаг газар нь шалгаад, шалгалт дууссаны дараа олон түмэнд сануулаарай. Би үүнд итгэлтэй байна” гэж байсан удаатай.
Гэвч түүнээс хойш жил өнгөрөх тусам Д.Сугар "цагаадсаар” аль хэдийнэ дөрвөн жилийн өнгөрчээ. Цэцийн гишүүн гэх хамгаалалт дор "цэвэр ариун” гэх нэр зүүсээр явна. Уг нь тухайн үед прокурорын байгууллагаас Д.Сугарыг энэ хэрэгт холбогдуулан шалгах зайлшгүй шаардлагатайг тогтоогоод Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хоёр удаа тавьсан ч Үндсэн хуулийн Цэцээс түүний эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн хариултыг тухай бүрт нь өгсөн байдаг. Тиймээс өнөөг хүртэл хуулийн байгууллагууд Д.Сугарт "гар” хүрч чадахгүй суусаар байна.
Жил өнгөрөх тусам Д.Сугар "цагаадсаар” аль хэдийнэ дөрвөн жилийн өнгөрчээ. Цэцийн гишүүн гэх хамгаалалт дор "цэвэр ариун” гэх нэр зүүсээр явна.
Түүний бүрэн эрхийн хугацаа ирэх 2018 онд дуусна. МАН засаглаж байгаа энэ үед тэр дахиад л сугарах магадлал өндөр. Өөрөөр хэлбэл Д.Сугарыг МАН-ын угшилтай хүн гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс хэргийг шалгаж байх үед түүнийг намын гишүүд нь өмөөрч "Хариуцлага тооцох асуудлыг байнгын хороо хэлэлцэх шаардлагагүй” хэмээн өмөөрөөд амжсан. Үүнийг цаанаа учиртай гэж хардахад хүргэсэн. Учир нь Д.Сугар өөрийн хийсэн үйлдлээ дэлгэж тавих юм бол МАН-ын маш олон лидер түүний хөлд чирэгдэх юм билээ. Тиймээс л түүнийг цээжээрээ хамгаалж байна гэх хүмүүс цөөнгүй байгаа юм.
Түүнээс биш гадаадад байх үл хөдлөх хөрөнгө, нуусан оффшор данс, хүү нь хар тамхины хэрэгт холбогдож ял авсан зэрэг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд байж болох ёс зүй яав ч биш. Хариуцлага өндөртэй, ухамсарыг дээдэлдэг оронд шууд л өргөдлөө барьж, ажлаасаа чөлөөлөгдөх учиртай. Ядаж, үр хүүхдээ зөв хүмүүжүүлж чадаагүйнхээ хариуцлагыг хүлээх ёстой. Түүний хүү С.Цог нь Мансууруулах бодис хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан хэргээр шүүхээс хоёр жилийн ял авч, өнгөрсөн жилийн нэгдүгээр сард суллагдсан билээ.
Гэвч өнөөг хүртэл Цэц хэмээх далбаан дор цэцэрхсээр, хууль бус хүн хууль бус зүйлийг шүүгээд явж байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн нэг улираан сонгогдох эрхтэй. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5-т "Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр Цэцийн гишүүнээс чөлөөлөгдвөл гишүүнээр томилогдохын өмнөх ажилд нь эргүүлэн ажиллуулах буюу эсхүл түүнтэй тэнцэх цалин хангамж бүхий ажлаар хангана” гэж заасан байдаг. Тэгэхээр Төрийн өмчийн хорооны даргаагаар эргэн ажиллах боломж ч түүнд хангалттай байсаар байна.
24tsag.mn Б.Өрнөх
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

