| |
Шүүхийн ёс зүйн хороо 2017 онд шүүгчийн ёс зүй, хариуцлагатай холбогдуулан 305 шүүгчид холбогдох 197 гомдол хүлээн авсан байна. Өмнөх онтой харьцуулахад гомдолд хамаарах шүүгчийн тоо 8.5 хувиар, гомдол 6.6 хувиар буурчээ. Шүүхийн ёс зүйн хороо 2017 онд нийт 202 гомдол шийдвэрлэсний 163 буюу 80.5 хувьд шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан аж. Мөн 27 буюу 13.3 хувьд нь сахилгын хэрэг үүсгэж, 12 буюу 5.9 хувийг нэгтгэж, 10 гомдол буюу 4.9 хувьд нь албан бичгээр хариу өгөх буюу харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлжээ. Шүүхийн ёс зүйн хороо 2017 онд сахилгын хэрэг үүсгэсэн 27 тогтоолын 14 буюу 51.8 хувьд сахилгын шийтгэл ногдуулж, шийдвэрлэжээ. 2016 онд нэг шүүгчийн цалинг бууруулах, огцруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан бол 2017 онд шүүгчийн цалинг 1-6 сарын хугацаатай 20-30 хувь бууруулах сахилгын шийтгэлийг гурван шүүгчид, сануулах сахилгын шийтгэлийг дөрвөн шүүгчид тус тус ногдуулсан байна.
Өөрөөр хэлбэл, долоон шүүгчид сахилгын шийтгэл ногдуулжээ. Үүнээс үзвэл гомдлын тоо буурч байгаа ч сахилгын шийтгэл хүлээсэн шүүгчийн тоо өмнөх оноос өссөн байна. Шүүхийн ёс зүйн хорооны магадлалыг давж заалдсан 41 шүүгчид холбогдох 29 магадлалыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаж, сахилгын шийтгэл ногдуулсан 7 магадлалыг хүчингүй болгож гурвыг нь хэвээр баталж, нэг магадлалыг өөрчилж, сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан 13 магадлалыг хэвээр баталсан байна. Шүүхийн ёс зүйн хорооны гурван магадлалыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүчингүй болгосныг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим хянаж, Шүүхийн ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж хэвээр баталсан нь гомдол шалгах ажиллагаа болон шийдвэрийн үндэслэл сайжирсан гэж дүгнэжээ.
У.ОРХОН UNEN mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

