| |

Төв цэвэрлэх байгууламжийн үнэр хот даяар сэнгэнэж байгаа тухай өчигдөр хэн хүнгүй ярилаа. "Яг түүн шиг", "Vioce"-оо үзэж суугаа Улаанбаатарчууд нэгнээ чи унгачихав уу, би унгачихав уу дээрээ тулж "пүүх, паах" болцгоов. Гэтэл Улаанбаатар хот маань унгачихсан байжээ. Учир юу гэвэл төв цэвэрлэх байгууламж хуримтлагдсан лагаа гүйцэд цэвэрлэж чадахгүй байгаатай холбоотой аж.
Тус байгууламж нийслэлийг 500 мянган хүн амтай байхаар төлөвлөн ахуйн бохирдолтой усыг цэвэршүүлэх зориулалтын технологитой байгуулагдсан. Гэсэн ч өнөөдөр олон төрлийн үйлдвэр, аж ахуйн газруудын химийн өндөр бохирдолтой бохир усыг цэвэршүүлж байгаа нь цэвэрлэгээний горимыг алдагдуулж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд хүрсэн. Мөн техник, тоног төхөөрөмжийн элдэгдэл, байгаль орчны хүчин зүйлс ч цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас шинэ цэвэрлэх байгууламж барих асуудлыг яриад буй. Одоогоор тус цэвэрлэх байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл нь батлагдсан байгаа гэнэ. Шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр бохир усыг цэвэрлэх буюу одоо байгаа цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх аж.
Ийнхүү энэ оны хоёрдугаар улиралд багтаан барилгын ажлыг эхлүүлнэ. ТЭЗҮ-д барилгын ажил дөрвөн жилийн хугацаанд дуусахаар тусгасан байгаа боловч ажлын хэсгээс барилгын ажлыг яаравчилж хоёр жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэх.
Шинэ цэвэрлэх байгууламжтай болсноор Улаанбаатар хотод амьдарч байгаа сая гаруй хүний ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэж, хүрээлэн буй орчны бохирдол буурна гэж албаны хүмүүс тайлбарлаж байгаа юм. Цэвэрлэх байгууламж тогтсон хугацаандаа ашиглалтад орж чадвал ойролцоогоор 2030 оноос эхлэн өргөтгөлийн ажлыг эхлүүлж болох аж.
Шинэ цэвэрлэх байгууламж баригдах хүртэл лагийг цэвэрлэж, үнэрийг дарах тухай шийдвэрийг саяхан Засгийн газраас гаргасан. Энэ дагуу лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг энэ улиралд багтаан шууд гэрээ байгуулан худалдан авч, суурилуулж эхэлсэн. Гэтэл өчигдөрхөн хот тэр чигтээ өмхий үнэрт дарагдлаа. Үнэр дарах технологи нь ажилласангүй юу, ямартаа ч байдал өөрчлөгдсөн зүйлгүй янзандаа л байгааг иргэд мэдэж авлаа.
Цэвэрлэх байгууламжийг, шинэчлэх барих асуудал чихэнд хоногштол яригддаг. Гэвч Таван шар, Нисэх, Яармаг гэх мэт гэр хорооллын айлууд дулааны улиралд цэвэрлэх байгууламжийн үнэрт "мансуурсаар” өдийг хүрсэн.
Төв цэвэрлэхийг шинэчилнэ гэж ярьж, төрөл бүрийн хурал зөвлөгөөн зохион байгуулсныг тоочоод баршгүй. Энэ бүхний эцэст гарсан үр дүнг ярьсан он жилүүдтэй харьцуулахад харамсалтай дүн гарна. Бүр тодорхой хэлбэл, үе үеийн Хотын дарга, Засгийн газрын тэргүүн, салбарын сайд, УИХ-ын гишүүд гэсэн шийдвэр гаргах төвшний хүмүүс төв цэвэрлэхийг шинэчилнэ гэж сүр дуулиантайгаар очиж танилцаад сүүлдээ бараа сураггүй алга болдог.
Маск зүүж, хантааз өмсөөд очдог үе үеийн дарга нарын амлалт ажил хэрэг болсон бол өдийд засвар шинэчлэлд зарцуулсан мөнгөөр шинэ цэвэрлэх байгууламж барьчихсан байгаа даа.
Нийслэлийн иргэд өвөлд нь утаанд хордож, зунд нь өмхий самхай үнэрт дарагдсаар удаан тэсмээргүй л байна шүү эрх баригчид аа!
Г.Хулан
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

