| |
Монголчууд бид Чингисийн болон түүний үр ач болох дараа үеийн хаад ноёдын эмс хатдыг сайн мэднэ. Гэхдээ тэдний дийлэнх нь харийн дарангуйлал гээчийг амсаж эдлээгүй, ухаандаа бол Хамаг Монгол улс ялан дийлж байх үеийн эрхэмсэг бөгөөд эрх танхи хатад билээ. Харин Манжийн дарангуйлал дундаас мандан гэрэлтэж, басхүү зовлон гамшигт нэрвэгдэж асан хатдыг бид тэр бүр мэддэггүй. Галдан бошигтын Ану хатныг эс тооцвол шүү дээ. Ер нь манай зохиолч, сэтгүүлч нар байлдаанч эр нөхрийнхөө үйлийн үрийн золиос болж манжуудын гарт үр хүүхдийнхээ хамт барьцаалагдан зовж явсан Лигдэн хааны хатан Бадамсутай, Ойрадын баатар Амарсанаагийн хатан Дэлэгдорж, Хотгойдын Чингүнжавын хатан Зүмпэрэл нарын тухай зохиол бүтээлдээ тусгаж байх нь зүйтэй юм. Ялангуяа Галдан бошигтын Зүүн гарын хаант улсын хатад эмс манж нарын гарт мянгантаа өртсөн байдаг. Социализмын үед төрийн бодлогоор зохиогдсон хуурмаг түүх бидэнд энэ тухай тодорхой ойлгоц өгч байсангүй. Харин сүүлийн жилүүдэд манай шинэ залуу түүхч нар Орос, Хятадын архив руу нэвтрэх болсоноор Зүүн гарын хаант улс хийгээд Баруун Монголын ард түмэн ямархан хатуу бэрх зовлон туулж ирсэнийг бид мэдэхтэйгээ болоод байгаа юм. Жишээ нь түүхч На.Сүхбаатар өгүүлэхдээ "Манж нар Зүүн гарын 480 мянган хүнийг алж устгажээ. Энэ бол аймаар тоо. Тодорхой баримт бий. Манжийн цэргийн дарга нар эзэн хаандаа мэдээлж байсан мэдээллүүд байна. Тэд уултай газрыг гар гараасаа барьж байгаад самнасан байна. Жанжнуудын айлтгалд "500 махчинг алав, 1000-ыг барьж сөнөөв, 2000 хулгайг хийсгэв” гэх мэтээр бичсэн байдаг. Хүнийг алав гэхгүй "Махчин, босуул, хулгай, дээрэмчнийг алав” гэсэн нь манжууд ойрадуудыг яснаасаа үзэн ядсанд байлаа. Эхэндээ дандаа эр хүнийг нь алах бодлого барьж байв. Гэтэл ойрад эмэгтэйчүүд бүгд ханцуйдаа хутга бариад боссон. Тиймээс бослого дарах үйл явцад эр, эм, хүүхэд гэж ялгалгүй алах болжээ. Хүйс тэмтрэх гэдэг үг Зүүнгарын бослогыг дарах үед монгол хэлэнд орж ирсэн болов уу. Эр, эм гэхгүй алж хядна гэсэн үг. Нүүдэлчдийн дунд ямар ч үед эмэгтэй хүнийг алахгүй гэсэн хууль бий. Ойрадын нэгэн ам цаазанд "Эмэгтэй хүний үсэнд гар хүрэхийг хориглоно. Мэс хүргэж болохгүй” гэсэн байдаг. Гэрийн хатавчинд нуугдаж байгаа эмэгтэй хүнийг алж болохгүй, олзол гэх мэт. Гэтэл манжууд бүгдийг нь хүйс тэмтэрсэн. Нэлээд хэсгийг нь олзолсон. Олзны хүмүүсийг Хятадын өмнөд рүү, муу амьсгалтай муж руу цөлсөн. Ингээд Зүүн гарын хаант улс эзгүйрсэн. 1765 онд буюу 10 жилийн дараа Зүүнгарын нутагт харуулын асуудлаар очсон манж түшмэл "20 хоног явахад нэг ч хүн таараагүй” гэж тэмдэглэсэн нь бий. Хүн ардыг хоосортол хяджээ. Энэ алан хядлага л монголчуудын хүн амыг цөөрүүлсэн” гэж мэдэгдэж байлаа. Ингээд Манжийн дарангуйлал дундаас мандан гэрэлтсэн хатдын тухай өгүүлсү.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

