| |
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) дэлхийн бүх улс орныг 2023 он гэхэд транс тосны үйлдвэрлэлээсээ бүрэн татгалзахыг өнгөрсөн хавар уриалсан билээ. Тус байгууллагын мэдээлж буйгаар энэ тосноос болж жил бүр 500 000 хүн нас бардаг гэнэ.
Энэ тосны тухай манайд хамгийн их дуугарч байсан хүн бол Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа. Тэрбээр "Монголчуудын эрүүл мэндэд хамгийн ноцтой хор уршиг үзүүлж байгаа асуудал зүрх судасны өвчин болоод байна. Нас баралтын шалтгаанаар ангилж жагсаавал нэгт зүрх судасны өвчин ордог. Хоёрт, хорт хавдар орж байна. Зүрх судасны өвчнөөр нас барж байгаа шалтгаан нь яагаад ийм их байна вэ гэдгийг судалж үзэхээр монголчууд хооллолтын буруу дэглэм, амьдралын буруу хэв маяг байна. Хооллолтын буруу дэглэмд өөх тосны буруу хэрэглээ зүй ёсоор орж байгаа юм. Өөх тосны буруу хэрэглээнд транс тос гэдэг зүйлийг эмх замбараагүйгээр хэрэглэж байгаа нь тогтоогдсон. Үүний эсрэг транс тосны хэрэглээг бууруулах уриалга гаргаж байсан. Гэтэл иргэдийн мэдлэг, мэдээлэл хангалтгүй байгаагаас хэрэгжилт удаан байна. Уриалгыг хүлээж авах нь удаан байна.
Транс тос гэдэг нь ердийн ургамлын тос, ургамлын гаралтай тосыг устөрөгчийн молекулын боловсруулалтад оруулж, шингэн байсан тосыг хатуу төлөвт оруулахыг хэлдэг" хэмээж байсан. Гэвч иргэд энэ тосны талаарх бүрэн ойлголтгүй хэвээр л байна.
АНУ, Европын зарим улс энэхүү онцгой аюултай тосноос татгалзаад эхэлсэн бол манай хойд хөрш одоо ч үүнийг хэрэглэсээр байна. Харин энэ оны 1-р сарын 1-нээс Орос тостой бүтээгдэхүүний нийт өөх тосны 2-оос дээш хувьд транс тос байж болохгүй гэж заажээ. Энэ арга хэмжээ нь ДЭМБ-ын зөвлөмжид нийцэж, дэлхийн олон оронд хэрэглэж байв. Гэвч туршлагаас үзэхэд хэрэглээг ингэж багасгаад ч хангалтгүй болох нь тогтоогджээ. Хамгийн харамсалтай нь өнөөдөр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид транс тосыг одоо ч ашиглаж байгаа бөгөөд хэдий хэмжээтэй хэрэглэсэн, түүнийг нь яаж илрүүлэх зэрэг арга ч байхгүй байна. Транс тосыг зөвхөн лабораторийн нөхцөлд л илрүүлэх боломжтой.
Хэрэглэгчдийн хувьд идэж буй жигнэмэгтээ хэдий хэмжээний транс тос орсныг мэдэх ямар ч боломжгүй. Тиймээс ч дэлхийн ихэнх орон транс тосноос бүрмөсөн татгалзах арга хэмжээ авч байна. Транс тосыг хуучирсан технологиор үйлдвэрлэдэг. Гэтэл энэ нь хүний эрүүл мэндэд маш хортой аж.
Транс тосыг яаж бий болгодог вэ?
Аж үйлдвэрийн транс тос нь гидрогенжүүлэх үйл явцад үүсдэг. Энэ нь ургамлын тосны шингэнээс хатууг нь гаргах авах үйл явц юм. Уг хатуу тос нь дэлгүүрийн лангуун дээрх бүтээгдэхүүнүүдийн найрлагад яг тохирдог. Ихэнх маргарин, хоолны тос, масло, талх, нарийн боов, жигнэмэг, бараг бүх төрлийн хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд транс тос агуулдаг.
Анх энэ тосыг ХХ зууны эхээр үйлдвэрлэж эхэлсэн боловч 1950-1970 онд хамгийн түгээмэл хэрэглээ болжээ. Тухайн үед маргариныг цөцгийн тос, амьтны гаралтай тосыг орлох ашигтай бүтээгдэхүүн хэмээн сурталчилж, цөцгийн тос, малын гаралтай тосыг хортой хэмээж байлаа.
Гэвч энэхүү тосны хэрэглээ 1990-ээд онд хортой гэдгийг нь баталснаар унасан юм. Транс тос ихээр агуулсан хүнс хэрэглэснээр зүрх судасны өвчин үүсэх эрсдэл 21%, үхэл 28%-иар нэмэгддэг. Харин түүнээс татгалзсанаар эрсдэл эрс багасдаг. Үүнийг Дани улс бодит жишээгээр баталжээ. Тус улс аж үйлдвэрт транс тосны хэрэглээг хязгаарлахыг хамгийн анх буюу 2003 онд хуулиар тогтоосон байдаг. Үүний дараа АНУ болон Европын хэд хэдэн улсад транс тосыг хоригложээ.
"Нью-Йоркт транс тосыг хэрэглээнээс хориглосноор зүрхний шигдээсийн тоог бууруулж чадлаа. Тэгсэн хэрнээ бүтээгдэхүүний амтанд өөрчлөлт ороогүй, үнэ нь ч өөрчлөгдөөгүй. Транс тосыг дэлхий даяар хэрэглээнээс хассанаар хэдэн сая хүний амь насыг аврах боломжтой” хэмээн Нью-Йорк хотын дарга асан, тэрбумтан, ДЭМБ-ын халдварт бус өвчинтэй тэмцэх дэлхийн элч Майкл Блумберг мэдэгдэж байв.
Харин манай улсын тухайд транс тосны хэрэглээ ямар байгаа нь одоо ч тодорхойгүй, бэлэн бүтээгдэхүүн, талх боовондоо бид хэчнээн хэмжээний транс тос хэрэглэдгээ мэдэхгүй явсаар л байна. Энэ асуудалд эрүүл мэндийн байгууллагынхан болон МХЕГ-ынхан анхаарал тавьж, иргэдээ соён гэгээрүүлэхгүй бол иргэд эрүүл мэндээ алдсаар л байх нь ээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

