| |

АН-ынхан улсын хөрөнгөөс их хэмжээгээр хувааж, завшсан байж болзошгүй гэх их хэмжээний мөнгөн дунтэй асуудал бол АСЕМ. Энэ талаар хууль хяналтынхан юу хийж байгаа талаар Д.Баярмагнай прокурор хэвлэлд өгсөн ярилцлагадаа тун тодорхой мэдээлэв. Тэрбээр АСЕМ зохион байгуулагчдыг шалгаж байна гэж мэдэгдээд "Үндэсний аудитын газраас Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2016 оны санхүү, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн. Аудитын тайланд АСЕМ-ыг зохион байгуулахтай холбоотой илэрсэн зөрчлийн талаар ируулсэн мэдээлэлд үндэслэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс энэ оны нэгдүгээр сарын 23-нд Эрүүгийн хуулийн 22.1.2 болон 22.8.2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэг нээсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэв. Түүнчлэн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад холбогдох хэргийг прокурор хянаж байгааг дуулгасан. Түүнд банкны захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн 2013-2016 онд арилжааны банкуудад байршуулсан мөнгөн хадгаламжийг хугацааны өмнө буцаан татсанаас хүүгийн орлогыг алдагдуулж, их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Улмаар хэргийг тусгаарлан прокуророос яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлснийг шүүх хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцааснаар нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан, "Фор.туна" Н.Батбаяр нь мөн л албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсныг тогтоожээ. Тиймээс хэргийг тусгаарлан Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан ажээ. Мөн ТОСК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Гантулга болон маркетинг борлуулалтын хэлтсийн дарга нарт холбогдох хэргийг тусгаарлан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг шүүх хянан хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан талаар нийслэлийн ерөнхий прокурор мэдээллээ. Мөн ТОСК-ийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б нь 2015-2016 онд албаны эрхээ урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгосны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг тусгаарлан прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Улмаар шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан байна. Цаашлаад Барилга, хот байгуулалтын яамны сайдаар 2015-2016 онд ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нь тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б-тэй бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх хянан хэлэлцэж, нэр бүхий шүүгдэгчдийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан гэдгийг ч дурджээ. Ямартай ч хууль хяналтынхны энэхүү ажиллагаа хэрэг хуучирдаггүйг батлан харуулж байна. Тухайн цаг үедээ болж бүтээд, улсын мөнгийг шамшигдуулаад байж болох ч хууль, хяналтынхан ажилласаар байгааг дээрх жишээ харуулж байна. Цаашид хэний, ямар үйлдэл ил болж, ямар ял шийтгэл оноохыг таашгүй ч хуудуутай зүйл хийсэн л бол хуулийнхны тоолуур гүйсээр байдгийг эндээс харж болохоор байна.
М.Өнөржаргал
unen.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

