| |

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын зүгээс өнгөрсөн даваа гарагийн өглөө Оросын эргийн хамгаалалтынхан Хар тэнгист явж байсан Украины цэргийн хөлөг онгоцнуудыг хураан авсан бөгөөд тэднийг зогсоохын тулд зэвсэг хэрэглэхээс өөр аргагүйд хүрсэн гэдгээ мэдэгдсэн. Холбооны аюулгүй байдлын зүгээс Украины хоёр байлдааны болон нэг зүтгүүр хөлөг онгоц нь ОХУ-ын харьяа усан нутаг дэвсгэр рүү хууль бусаар нэвтрэх үед анхааруулга өгсөн ч, Украины зүгээс анхааруулгыг тоогоогүй учраас ийм арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрсэн гэж тайлбарласан. Харин Украины хувьд хөлөг онгоц нь хууль зөрчин хил нэвтрээгүй гэж мэдэгдээд, ОХУ-ын түрэмгий арга хэмжээг буруутгаж, олон улсын хамтын нийгэмлэгийг үүний эсрэг арга хэмжээ авахыг уриалж байна. Уг үйл явдалтай холбогдуулан Украины Ерөнхийлөгч Петр Порошенко улс орноо 60 хоногийн хугацаатай дайны байдалд шилжүүлэх тухай зарлигийг дээд Радад өргөн барьжээ. Дээд Радын Аюулгүй байдал, батлан хамгаалах асуудал эрхэлсэн зөвлөлийн хуралдааны үеэр тэрбээр улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар дээрх асуудлаа анхлан танилцуулсан бөгөөд ард иргэдийг айдаст автуулахгүй байх үүднээс хүсэлтээ "Дайтах биш, болзошгүй дайн болсон тохиолдолд авах зайлшгүй арга хэмжээг авахын тулд” гэж тайлбарласан.
Ерөнхийлөгч Петр Порошенкогийн зарлигийг тус улсын дээд Рада дэмжин баталж, Украины зарим бүс нутагт 60 биш 30 хоногийн хугацаатай дайны байдал зарлахаар болжээ. Украины Винница, Луганск, Николаевск, Одесс, Сумск, Харьков, Чернигов хот мөн Донецк, Запорож, Херсон мужууд болон Азов-Керчийн усан нутаг дэвсгэрт дайны байдал тогтоосон байна. Улс орон дайны байдалд шилжсэнээр цэргийн эрхтнүүдийн эрх мэдэл үлэмж нэмэгддэг бөгөөд ард иргэдийн эрх чөлөөг үлэмж хумигдуулдаг онцлогтой. Мөн хөдөлмөрийн насны бүх хүнийг албадан хөдөлмөр эрхлүүлж болдог бөгөөд хүнс, эм, бусад зайлгүй шаардлагатай бүтээгдэхүүний хэрэглээнд хязгаар тогтоох магадлалтай юм. Мөн Киевийн зүгээс Керченскийн хоолойд болж буй асуудлаар АНУ-аас тусламж хүсчээ. Украинаас АНУ-д суух Элчин сайд Валерий Чалый "Болсон явдлын талаар америк хамтрагчдадаа нэн даруй дуулгаж, Украиныг дэмжих, аюул заналхийлэгчдэд анхааруулга өгөхийг хүслээ” хэмээжээ.
Харин Вашингтоны зүгээс Керчийн хоолой дахь нөхцөл байдлыг яриа хэлэлцээрийн аргаар шийдвэрлэхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Украины төрийн тэргүүн Петр Порошенко нарт уриалжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн Төрийн Департаментад хийсэн мэдэгдэлдээ "Олон улсын үүрэг хариуцлагаа биелүүлэхийг бид талуудад уриалж байна. Нөхцөл байдлыг зохицуулахыг Ерөнхийлөгч Петр Порошенко болон Владимир Путин нарт уриалж байна. Үүнтэй холбогдуулан Нормандын дөрвөлийг дэмжиж байгаагаа бид дахин мэдэгдэж байна” гэжээ. Сүүлийн үед Крым орчимд Орос, Украины байдал хурцдаад буй. 2003 онд Киев, Москва хооронд байгуулсан гэрээгээр, хоёр орон Керчийн хоолой болон Азовын тэнгисийг хамтран эзэмшихээр болсон ч саяхнаас ОХУ Украины боомтод орж байгаа, боомтоос гарч байгаа бүх хөлөг онгоцнуудад үзлэг хийх болжээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-europe-46352367
Ц.ДАВААСАМБУУ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

