| |
Улаанбаатарчуудын хувьд утааны улирал айсуй энэ үед агаарын бохирдлыг бууруулах ажлыг хэн хариуцаж байгаа талаар мэдээллийг тодрууллаа. Учир нь өнгөрсөн зун Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгаснаар уг ажил хариуцах эзэнгүй болсон гэсэн мэдээлэл цацагдаж байсан юм. Албаны хүний мэдээлснээр Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог татан буулгаагүй ажээ. Өнгөрсөн 2014 оны тавдугаар сарын 10-ны өдөр гарсан Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх тухай Засгийн газрын 147 дугаар тогтоолын 1.5 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний хорооны ажлын албыг татан буулгаж, хэрэгжүүлж байсан чиг үүргийг нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудалд хамааруулжээ. Ажлын алба татан буугдсан учраас Ерөнхий сайдын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 151 дүгээр захирамжаар үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг тус тус баталсан байна.
Өнөөдөр Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо урьдын адил сар тутам хуралдаж, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд салбар дундын нэгдсэн бодлогыг тодорхойлж, холбогдох арга хэмжээг авах тухай тогтоолыг гарган хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байгаа ажээ. БОНХАЖ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд ирснээсээ хойш Үндэсний хороо 2015 оны тавдугаар сарын 17-ний өдөр анхны хурлаа хийж Нийслэлийн гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хийн хангамжийн хэрэглээг нэмэгдүүлэх, уламжлалт бус шинэ дэвшилтэт техник, технологи, бүтээгдэхүүн нэвтрүүлэх зорилгоор хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг дэмжих, үндэсний хорооны ажлыг эрчимжүүлэх зорилгоор туслах чиг үүрэг бүхий гурван ажилтныг гэрээгээр ажиллуулах зэрэг асуудлыг тусгасан тогтоол баталжээ.
Удахгүйт2015-2016 оны өвлийн улиралд агаарын бохирдлыг бууруулахаар авах арга хэмжээний саналыг нэгтгэн хоёр дахь хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог анх Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар 2012 онд байгуулж, 171 дүгээр захирамжаар бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд ажиллуулж эхэлжээ. Харин Агаарын тухай хуульд 2013 онд нэмэлт өөрчлөлтөөр орсноор Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Засгийн газрын бүрэн эрхэд шилжүүлэн ажиллуулж байгаад ийнхүү БОНХАЖ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд ирсэн юм байна.
UNEN.MN
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

