| |
УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавыг өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр эх орноосоо урвасан хэмээн үзэж, шүүхээс 16 жилийн хорих ял оноосон. Тодруулбал, З.Пагмажавыг Тайвань руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргадаг байсан нь тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчилж дээрх ялыг оноосон байдаг. Гэвч З.Пагмажав уг шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Уг гомдлыг энэ сарын 22-нд буюу ирэх пүрэв гаригт хэлэлцэнэ.
З.Пагмажав өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Тэрбээр жирэмсэн байсан бөгөөд хүүхдүүд нь ихэр байсан гэнэ. Гэвч сэтгэл санааны хүнд байдлаас болж зулбасан байна. Энэ тухай түүний нөхөр Жаргалтөгс "Миний хань жирэмсэн байсан. Ихэр байсан юм. Гэтэл цагдан хорьсноос болж хүүхдүүд минь зулбасан. Миний эхнэр хоолой, бамбайн хүнд өвчтэй. Онош нь эрт тодорсон юм. 2013 оноос эрчимтэй нэмэгдэж байнгын эмчийн хяналтад байдаг байсан юм” хэмээн ярилцлага өгчээ.
З.Пагмажав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс л зөвлөхөөр нь ажиллаж байсан нэгэн. М.Батчимэг гишүүний хувьд Тайвань улсад 2005-2008 оны хооронд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байжээ.
Б.Анир
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

