| |
Төрийн ордонд өнөөдөр хуваарийн дагуу УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүд хуралдаж байна. Бүлгүүд хаалттай хуралдсан бөгөөд тэдгээрээс АН-ын бүлгийн хурал ихээхэн анхаарал татаж байв. Өнөөдөр бүлгүүдээр ирэх оны төсвийн тухай болон энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэгдэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцэх ёстой.
Гэвч АН-ын бүлгийн хурлаар дээрх асуудлаас гадна хэлэлцэх жагсаалтад байгаагүй нэгэн асуудлыг ярьсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралд Зам тээврийн сайд асан А.Гансүх оролцсон байна. Тэрээр Б.Батзаяатай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн байж болзошгүй аж.
Мөн эх сурважлуудын мэдээлж байгаагаар АН-ынханы дотоод хагарал туйлдаа хүрчээ. Тэд дотооддоо санаа бодлоо нэгтгэж чадахгүй болсон бөгөөд бүлэг фракциудынхаа хэл амыг олж чадахгүй байгаа гэнэ. Үүний илрэл нь УИХ-ын гишүүн МоАХ фракцийн томоохон төлөөлөгч Х.Баттулгыг намын дарга болон намын нөхөд нь "жийх" болжээ. Өнгөрсөн долоо хоногт чуулганаар хэлэлцэгдсэн Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуралд Х.Баттулга гишүүн оролцоогүй нь энэ хардлагыг улам эрчмүүлж байгаа гэлтэй.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд олны анхаарлын төвд орж ирсэн Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан, Б.Батзаяаг баривчилсан хэрэгт тухайн үед тус яамыг удирдаж байсан А.Гансүхыг холбоотой байж болзошгүй гэх "бор шувуу" хэвлэлээр хүчтэй нисч байна. Харин А.Гансүхын цаана УИХ-ын гишүүн Х.Баттулга бий гэх хардлага ч давхар дуулдаж байна. Өршөөлийн хууль болон бусад олон хуулийн төслүүд дээр нь сөрөг байр суурь илэрхийлж яваа Х.Баттулга гишүүнийг намынхан нь гадуурхах болсон учраас Б.Батзаяаг шалгаж эхэлсэн гэнэ. Б.Батзаяа хэрвээ буруутай нь тогтоогдвол түүгээр дамжиж цаад эздийг шалгах ёстой гэх яриа төрийн ордны хаалга үүдээр хөвөрч байна.
Эдгээр асуултуудад УИХ-ын гишүүн Х.Баттулга хариулт өгөхөөр өнөөдөр төрийн ордонд хэвлэлийн хурал зарласан. Харин хэдэн цагаас гэдэг нь одоогоор тодорхой бус байна.
Г.Лхагваа
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

