| |

Байгалийн түүхийн музейг нураах тухай Засгийн газрын 280, 281 дүгээр тогтоолын эсрэг шүүх хурал өчигдөр болов. Улмаар музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэхээр болжээ. Мөн музейг нураах шийдвэрийг хөндлөнгийн шинжээчээр шалгуулахаар болсон байна. Энэ талаар хуульч Б.Мэргэн "Өнгөрсөн долдугаар сард нийслэлийн соёлын өв болох байгалийн түүхийн музейг нураах 280, 281 дүгээр тогтоол гарсан. Улмаар боловсрол соёл, Шинжлэх ухаан спортын яаманд байгалийн түүхийн музейн барилгыг нурааж, шинээр босгох тендер зарлахыг үүрэгдсэн. Тус тендерт "Аяа” ХХК шалгаран, байшинг энэ сарын 31-ний дотор буулгахаар болсон юм. Хэрэв барилгыг үгүй хийчих юм бол бидний соёлын өвийг хамгаалах ажил үр дүнгүй болж, шүүхдэх шаардлагагүй болно. Тиймээс анхан шатны шүүхээс өмнө тус барилгыг нураахыг эсэргүүцэн нэхэмжлэл хүргүүлсэн. Үүний дагуу өнөөдөр шүүх хурал болж, нураах тендерийг түдгэлзүүллээ. Манай хуулийн ферм "Эрх зүйн соёл” төрийн бус байгууллагынхаа хүрээнд нийтийн эрх ашгийг хөндсөн уг асуудал дээр ажиллаж байна. Шүүх хуралд хариуцагч талаас БСШУСЯ болон Засгийн газар, байгалийн түүхийн музейн удирдлага оролцлоо. Харин нэхэмжлэгч талаас ХҮН намынхан болон Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбоо, Зон олны нам болон төрийн бус байгууллагууд ирсэн. Би уг асуудлыг музейгээр бизнес хийж, мөнгө угаах зорилго өвөртөлж байна гэж харж байна” хэмээв. Байгалийн түүхийн музейг нураах шийдвэрийг "Улаанбаатар иргэдийн форум”-ын залуус эсэргүүцэж буй. Улмаар тэд нэгдэж, байгалийн музейг аврах хөдөлгөөнийг өрнүүлсэн байна. Уг хөдөлгөөний тэргүүлэгч Ц.уянга "Байгалийн түүхийн музейг нураах тендерийг өнгөрсөн сарын 25-нд зарлаж, энэ сарын 31-ний дотор барилгыг нураах шийдвэр гарсан. Бид эл ажлыг түдгэлзүүлэх нэхэмжлэл гаргасан. Улмаар өчигдөр шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болж музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх шийдвэр гарлаа. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор хариуцагч тал гомдол гаргах эрхтэй. Байгалийн түүхийн музейг нураах нь соёлын өвийг үгүй хийж буй хэрэг юм. Тус музей нь сүүлийн зургаан жилийн турш мэргэжлийн хяналтын дүгнэлтийн улмаас үйл ажиллагаагаа зогсоосон. Гэвч 17 жилийн турш музейн захирлын алба хашиж буй Н.Зоригбаатар жил бүр урсгал зардлын төсвөөр улсаас 200-400 сая төгрөг авдаг байсан. Тодруулбал, 2016 онд 240 сая төгрөг, 2017 онд 300 сая төгрөг, 2018 онд 350 сая төгрөг авсан ч барилгад ямар ч засвар хийгээгүй төдийгүй үйл ажиллагааг нь зогсоосон юм. Харамсалтай нь үүнийг шалгасан байгууллага ч алга. Тэр их мөнгийг юунд ашигласан нь ч эргэлзээтэй байна. Бид уг асуудал дээр мэргэжлийн архитекторчдоос зөвлөгөө авч ажиллаж байна. Түүхэн барилгыг хадгалан, сэргээн засварлах нь хамгийн зөв шийдэл байдаг. Дэлхийн олон оронд ийм жишээ бий. Харин аргагүй байдалд орох буюу дайн болох, гал түймэр, байгалийн гамшиг зэргийн улмаас барилга ул мөргүй устаж үгүй болсон тохиолдолд шинээр босгодог. Ингэхдээ хуучин хэв маягийг нь хадгалан, түүхэн ач холбогдлыг нь тодотгодог. Байгалийн түүхийн музейг нураахгүй байх боломж, шийдэл олон байна” гэж ярилаа.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

