| |
Баривчлагдсан сайд асан Г.Шийлэгдамба өнөөдөр наранд гарах уу, үргэлжлүүлээд хоёр сар хоригдож шалгагдах уу гэдэг нь тодорхой болно. Харин түүний үлдээсэн ЭМС-ын сайдын суудалд аль намын хэн суух нь тун тодорхойгүй байна. Одоогоор Шадар сайд Ц.Оюунбаатар уг албыг давхар хашиж байгаа. Төсвийн тодотголоор яамдын дэд сайд нар танагдсан тул дэд сайд "аптек" хэмээх Болдоо нь ажлаа өгчихсөн.
Мөн төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг нь бас авилгалын хэргээр бариад хорьчихсон учир тус яам удирдлагаар үнэхээр хомс байгаа. Тиймээс ЭМСЯ-ыг маш хурдан сайд, төрийн нарийн бичгийн даргатай болгох шаардлагатай нь мэдээж хэрэг болсон. Тэгвэл энэ асуудал хамтрагч намуудын дунд хагарал үүсгэх хэмжээнд хүрээд байна
ЭМС-ын сайдын суудлыг АН-ын гишүүд улайм цайм сонирхож байгаа нь нэгэнт ил болоод байна. Г.Шийлэгдамбын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт явуулсан захидлын дараа уг суудлыг өөрийн болгох хүсэлтнүүд эхнээсээ ил гарч эхэлсэн. Ийнхүү Г.Шийлэгдамбыг огцрох өргөдлөө өгсөн даруйд нь МАХН-ынхан ЭМС-ын сайдад хэнийг нэр дэвшүүлэх эсэхээ дотроо хэлэлцэж эхэлсэн бөгөөд Ц.Шаравдоржийг нэр дэвшүүлэхээр тохирсон гэх мэдээлэл гарч эхэлсэн.
Гэтэл МАХН буюу "Шударга ёс"-ыг хамтрагчаараа сонгосон эрх баригч АН-ын гишүүдээс цочир сонин мэдэгдэл гарсан. Өмнө нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан, одоо УИХ-ын даргын нийгмийн бодлогын зөвлөхийн алба хашиж яваа С.Ламбаа АН-ын гүйцэтгэх зөвлөл, цаашлаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандаж ЭМС-ын сайдад АН-аас хүн томилохыг сануулсан мэдэгдэл гаргав.
Түүнийхээр өнгөрсөн гурван жилд АН ЭМСЯ-ыг МАХН буюу "Шударга ёс” эвсэлд хариуцуулснаас болж тус салбарын ажил уналтад орсон гэсэн. Мөн одоо гурав дахь удаагаа тус салбарын сайдаар МАХН-ын хүнийг томилох ёсгүй гэж үзжээ.
Тэгэхээр багш мэргэжилтэй С.Ламбаа өөрөө л уг салбарыг хөгжүүлээд байсан бололтой юм. Өөр хүмүүс тэр тусмаа мэргэжлийн эмч хүн тус салбарт гай удах бололтой. Нэг иймэрхүү үзэл бодолтой, албан тушаалын төлөө нүдээ ухаад өгчих сэтгэхүйгээсээ болоод АН-ынхан өнөөдөр "фракц”-гүй болж чадахгүй байгааг хэн хүнгүй харж байгаа.
Энэ удаа С.Ламбаагийн амбиц Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг эвгүй байдалд оруулж байна. Тэгвэл өчигдөрхөн АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо хэмээх байгууллагын тэргүүн Т.Хасбаатар хэмээх залуу ч ЭМСЯ-ыг МАХН-д өгөлгүй АН өөртөө авах ёстой гэж мэдэгдээд Н.Энхбаяр даргыг нь мэтгэлцье гэлээ.
Ийнхүү МАН-ыг Засгаас хөөж "Шударга ёс"-той хамтарсан АН Н.Энхбаярыг Өршөөлийн хуульд хамруулах амлалтаасаа биелүүлэлгүй, хэлсэн амандаа хүрч чадаагүй. Одоо тус эвслийн тэр дундаа МАХН-ын "квот" бүхий ЭМС-ын сайдын суудлыг булааж авах гэж байна.
АН-ын дарга З.Энхболд 2012 онд УИХ-ын дарга болсноосоо хойш их л түрэмгий байгаа, энэ удаа өөрийн зөвлөх С.Ламбаагийнхаа бичгийг өмнөө бариад хүч түрвэл байдал эвгүйдэх магадлал тун өндөр.
Мөн З.Энхболдын дэмжлэгийг хүлээдэг гэгддэг Т.Хасбаатар гэх залуу ч ЭМС-ын яамыг АН авна гэж байгаа нь АН-ын дарга З.Энхболдын санаархал гэдэг нь уншигдаад байна хэмээх хүмүүс ордноор дүүрэн болсон. Ийнхүү АН-ынхан ЭМСЯ-ыг булаан авахаар шийдэж. Харин тэдэнд ийм боломжийг МАХН өгөх болов уу. Сонирхолтой л юм тийм үү.
Г.Самбаа
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

