| |
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр (2020.04.02) Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өргөн барилаа. Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахал улс орнуудын нийгэм, эдийн засгийг тооцоолох боломжгүй хүндрэлд оруулаад байна. Улс орнууд энэхүү халдварт өвчний улмаас үүссэн эрсдэлийг бууруулах чиглэлээр өөр өөрсдийн эдийн засгийн чадавх, нөөц боломждоо таарсан арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Засгийн газар өөрийн нөөц бололцоонд таарсан арга хэмжээг оны эхнээс үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгаа юм. Засгийн газраас хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн тэргүүнд анхаарч ажиллаж байна. Үүний зэрэгцээ ажлын байрыг хамгаалах, иргэдийн амьжиргаа, орлогыг дэмжих, хүүхдүүддээ анхаарах, эдийн засгийн хүндрэлээс сэргийлэх боломжтой бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Төрийн байгууллагын шийдвэрээр тогтоосон хязгаарлалт нь татвар төлөгч аж ахуйн нэгжүүд, тэр дундаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын жижиг, дунд бизнес, түүнчлэн улмаар өрх, иргэдэд санхүүгийн эрсдэлийг бий болгож байна. Тухайлбал, аж ахуйн нэгжүүд цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй болж байгаагаас гадна ажилтнууддаа цалингүй чөлөө олгох, цаашлаад ажлаас халах хүртэл арга хэмжээ авч эхэлж байна.

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

