| |

"Хямрал” гэдэг урилгагүй зочин айл, өрх бүрийн хойморт заларчихсан дур зоргоороо аашилж байхад Ерөнхий сайд маань бэлэн цэцэн үгээрээ ард түмнийхээ тархийг угаагаад сууж байна. Эдийн засгийн хямрал гүнзгийрсэн өнөөдрийн нийгэмд гарч буй гэмт хэрэг нь хүртэл онц хүнд, хэрцгий хэлбэр рүүгээ шилжиж байгаа нь эрх баригчдад өгч буй сануулга. Тэр тусмаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өгч буй томоос том анхааруулга. Удаа дараа гарсан банкны дээрмийн хэрэг, гэгээн цагаан өдрөөр хүн дээрэмдэж байгаа нь хямарсан иргэдийн харгислал биш иргэдээ ийм байдалд хүргэсэн төрийн арчаагүйнх... Амьдралаа болгочих санаатай ах дүү хоёр банкнаас зээл авч найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулж эхлүүлсэн боловч арчаагүй төрийн уршгаар дэлгүүр нь дампуурч, банкны зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Банкны дарамтнаас залхсан ах дүү хоёр банк дээрэмдсэн хэрэг гарсан нь нэг хэсэгтээ л шуугиан тарьсан. Дээрх хоёр залууг баригдахад сошиал ертөнцөд эсрэг биш эерэг сэтгэгдэл нь давамгайлж байв. Үүгээрээ би гэмт хэрэг хийх нь зөв гэж хэлэх гэсэнгүй. Дээрх залуучуудыг ийм үйлдэл хийхэд хүргэсэн төр, Засгийн газар, Ерөнхий сайдад хариуцлага тооцох ёстой л гэж хэлэх гээд байгаа юм. Төр нь төр шиг, Засгийн газрын тэргүүн нь худлаа ярихаасаа илүү үнэн ажил хийдэг байгаасай л гэж ард түмэн хүсч байгаа.
Өөрсдийн буруу бодлогын улмаас самарч хаясан эдийн засгаа босгохын тулд ард иргэд, бизнес эрхлэгчдийг татвараар дарамталдаг төртэй байхыг бид хүсээгүй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Татварыг нэмэхгүй. Харин ч бууруулах ёстой” гэж ярьж байсан цаг саяхан. Тэгвэл яагаад нефть, зарим барааны татварыг нэмэх болсон шалтгаанаа ард түмэндээ тайлбарлаж өг гэж шаардах иргэд цөөнгүй байна. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байхад Монгол Улсад бахь байдгаараа л, хэдэн жилийн өмнө нэмсэн бензиний үнэ яг хэвээрээ. Ийм байхад Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нүдэн балай, чихэн дүлий яваад байгаа нь "гайхалтай”. "Шударга ёс” ярьдаг хүмүүсээс одоо л жинхэнэ "шударга ёс” асууя. Ам, ажлын алд дэлэм зөрүү байхад, ард түмэн чинь аргаа барж, арчаагаа алдаж байхад энэ "Шившиг”-ийн Засгийн газар чинь байгаад л байх уу.
С.ОГТОРГУЙ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

