| |
Түүнийхээр АН-ын алдаа бол фракцууд ажээ. Тэрбээр фракцийн эсрэг намынхаа бодлогын зөвлөл дээр ярьж, намынхаа Үндсэн дүрмэнд энэ тухай асуудлыг тусгасан заалтуудыг өөрчлөн оруулах санал гаргаад байна. Нээрээ ч фракцууд нь бойкотлоод намынхаа ҮЗХ-г ч хуралдуулахгүй байж чадаж буй үед уг яриаг улам их ярих нь зүйтэй хэрэг.
Гэхдээ АН-ын фракцууд Б.Баабарын хэлдгээр "Бидний үеийнхэн өнгөрч байж манай нийгэм цэвэршинэ” гэдэг шиг одоогийн улстөрчид улстөрөөс шахагдсан үед л устах болов уу. Түүнээс фракц гээч юм одоогийн АН-ын улстөрчдийн хувьд эд эс шиг нь болсон зүйл.
АН-ыг фракцгүй болгох уриалгыг анх гаргаж байсан Г.Батхүү түүнийг дэмжиж байсан Лу.Болд нар саяхан өөрсдийн МоАН фракцаа эмхлэн зохион байгуулалтаа хийсэн. Тэдний хувьд ирэх сонгуульд намаасаа олуулаа нэр дэвших эрх авахын тулд ийнхүү эмх цэгцтэй болсон гэх яриа ч байна.
Хэдийгээр өөрсдийгөө фракц гэж нэрлэх дургүй, ТББ гэж нэрлэж байгаа ч АН-ын фракцууд яг л ийм замаар байгуулагдсаар ирсэн түүхтэй. Алтангадас гэхэд л хөгжлийн зам чигийг заах ТББ хэмээн байгуулагдаад 15 жилийг үджээ. Одоо бол тэд АН-ын болоод Монгол төрийн хамгийн том зовлон гэгдэж яваа.
Алтангадастай зэрэг шахуу АН-ын хэсэг лидерүүд нэгдэн Зүүн Хойд Ази нийгэмлэг байгуулж байсан. Энэ нийгэмлэг нь АН-ын бас нэг том фракц байгаад эдүгээ үгүй болжээ. Тиймээс л Зүүн хойд нийгэмлэгийн тэргүүн байсан Лу.Болд дахин нэг фракц байгуулсан гэлцэнэ.
АН дахь фракцууд хуучин тус тусдаа нам байсан угшлаараа нэрлэгддэгийн тод жишээ нь МҮДН-чүүд. Тэдний хувьд АН-д ямар л бялуу оногдоно түүнээс яаж ийгээд хувь хүртчихдэг нөхдүүд.
Мөн ардчилсан намын нэг гол фракц болох МоАХ байна. 1990 оны үеийн партизануудаас бүрдэх тус фракц сүүлийн үед нэлээд хүч муутай болоод байгаа. Тус фракцаар овоглогдож УИХ-д орсон зарим нөхөд нь хэдийн өөр фракцууд дагаж одсон. Эдүгээ фракцийн тэргүүн нь хуулийн байгууллагад шалгагдаж байна.
АН-ын зарим фракцийн нөхдүүд түүнээсээ уйдахаараа орхичихоод өөр шинэ фракц үүсгэх нь элбэг. Ийм явдал сүүлийн тав зургаан жилд их идэвхжсэн. Ийм улстөрчид Ардчилсан хүчний холбоо хэмээх ТББ байгуулж сүүлдээ "Шонхор” хэмээх фракц болсон. Тэд АН-д 2012 оноос хойш нэлээд хүч түрж, Н.Алтанхуягийг огцроход гол нөлөө үзүүлсэн билээ.
Тэгвэл "Шонхор” эдүгээ өөрсдөө бусдынхаа түрэлтэд автаж эхлээд байгаа нь илт. Тэгэхээр Лу.Болд, Г.Батхүү нарын МоАН "Шонхор”-ын замаар замнаж яваа нь тодорхой мэт. Иймээс л АН-д фракцууд татан буугдтал өдий гэж үзэж болохоор байна.
П.Дорж
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

