| |
Ангараг гаригт судалгаа хийхээр Европын сансар судлалын агентлаг, Оросын холбооны сансрын Роскосмос агентлаг хамтран бүтээсэн "ЭксоМарс” төхөөрөмж бүхий "Протон-М” пуужин Казакстаны Байконур дахь сансрын буудлаас амжилттай хөөрчээ. "ЭксоМарс” төхөөрөмж улаан нүдэн гаригийн агаар мандал дахь метан болон бусад хийг судлахаас гадна гаригийн гадарга дээр судалгааны багаж буулгах юм.
Өчигдөр "ЭксоМарс”-ыг сансарт хөөргөсний дараа судалгааны багийнхан төхөөрөмжөөс дохио хүлээн авсан байна. Энэ нь хөөрөх явцад "ЭксоМарс”-д ямар нэг эвдрэл гэмтэл гараагүй, төхөөрөмжийн ажиллагаа хэвийн байгааг илтгэж байгаа юм. Төхөөрөмжийг тээвэрлэж яваа пуужин цагт 500 сая км хурдтайгаар 7 сарын турш аялсны эцэст Ангараг гаригт хүрэх юм байна. Үүний дараа "ЭксоМарс” улаан нүдэн гаригт судалгаа явуулахад тохиромжтой байршлыг олоход дахин 1 жил орчим хугацаа зарцуулах юм.
Эдгээр хугацааг тооцоолж үзвэл Орос, Европын судалгааны багийн илгээсэн төхөөрөмж Ангараг гаригийг 2017 оны сүүл үеэс эхлэн судлах юм байна. Энэ судалгаа улаан нүдэн гаригт амьдрал бий эсэхийг тогтоох зорилгоор сүүлийн 40 гаруй жилийн дотор хийж байгаа анхны судалгаа гэдгээрээ сансар судлалын салбарт томоохон ач холбогдолтойд тооцогдож байна. "ЭксоМарс” төхөөрөмж нь Ангараг гаригийн агаар мандалд агуулагдаж байгаа хамгийн жижиг бүрдэл хэсгийг ч тун өндөр нарийвчлалтайгаар мэдрэх хүчин чадалтай юм. Энэ чадвараараа "ЭксоМарс” улаан нүдэн гаригийн агаар мандалд агуулагдаж байгаа метаны хийг голлон судлах юм байна.
Ангараг гаригийн эрс тэс уур амьсгалыг харгалзан үзвэл тус гаригийн агаар мандал дахь метаны хий хэдхэн зуун жилийн дотор үгүй болсон байх ёстой. Гэсэн хэдий ч улаан нүдэн гаригийн агаар мандлын сая хуваасны 1-д метаны хий өнөөг хүртэл агуулагдсаар байгаагийн учир шалтгааныг "ЭксоМарс төхөөрөмж тогтоохоор ажиллах юм.
Эрдэмтэд үүний цаад шалтгааныг Ангараг гариг дээр геологийн, бүр цаашилбал биологийн үйл явц явагдаж байж магадгүй гэдэгтэй холбон тайлбарлаж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

