| |
АН-ынханы энэ сонгуулийн өмнө хийсэн бас нэг "шоу" нь орон нутаг руу Боинг нисгэсэн явдал байлаа.
Засгийн газар, салбар хариуцсан сайд М.Зоригт нар "МИАТ” компани "АэроМонголиа” компанитай хамтран орон нутагт нислэг хийж, үйлчилгээг сайжруулна хэмээн нэг хэсэгтээ л "оволзсон". Гэвч хэдхэн хоногийн дараа Ховдоос Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх ёстой байсан МИАТ ХК-ийн боинг 737 онгоц техникийн саатлын улмаас нислэгээ хийж чадсангүй. 70 орчим зорчигч суулгасан тус онгоц хуваарийн дагуу 05-р сарын 03-ны 15:30-д хөөрөхөөр нислэгийн зурвас луу явж байгаад хүчтэй салхины урсгалд орж замаас гарч хоёр шон мөргөж хөдөлгүүрээ эвдсэн юм. Уг асуудлыг одоогоор Ховд аймгийн цагдаагийн газар болон МИАТ-ын шинжээчид шалгаж байгаа.
Тэгвэл онгоц осол гаргасны дараагаар хэвлэлүүдээр М.Зоригт сайдад МИАТ-ынхан Ховдод том онгоц буулгах боломжгүй гэдгийг хэд хэдэн удаа сануулж байсан талаарх мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. Тодруулбал, Ховд аймгийн аэродром нь том онгоцыг байнга буулгаж, хөөргөх боломжгүй байсан аж. Хэдийгээр хатуу хучилттай буултын талбайтай ч гэсэн боингын зэрэглэлд хүрч чадахгүй нарийн замтай юм байна. МИАТ-аас Засгийн газарт хандаж дээрх зөвлөмжийг удаа дараа хүргүүлсээр байхад төрийн өмчит гэдгээр нь шахалт үзүүлж хүчээр Ховд руу том онгоцоор нислэг үйлдүүлж байжээ. Ийнхүү болохгүй гэсэн газар руу маш их эрсдэл үүрч том онгоц нисгэж буй шалтгаан нь мэдээж баруун аймгийн сонгогчдын саналыг авах гэсэн эрх баригчдын сонгуулийн шоубайсан гэдэг нь тодорхой болов. Шуудхан хэлэхэд баруун аймгийн сонгогчдоос нэмэх оноо авахын тулд М.Зоригт тэргүүтэй АН-ынханы хийсэн "муйхар" үйлдэл энэ байлаа.
Техникийн саатал гарсан Боинг 737 онгоц нь багагүй гэмтсэн. Нисэх зурвасаас гарч шороон зам руу орохдоо хөдөлгүүр нь чулуу сорж сэнс болон бусад эд ангийг эвдэж маш их хэмжээний хохирол учруулсан талаар эх сурвалжууд мэдээлэв. Дээрээс нь тус онгоц нь манай онгоц биш. Түрээсийн онгоц байсан. Хэдийгээр онгоцыг даатгалтай хэмээн "арьсаа" хамгаалж байгаа ч "болохгүй" гэж хэлсээр байхад хүчээр буулгаж, хөөргөж байгаад хөдөлгүүрийг нь гэмтээсэн буруутан нь М.Зоригт тэргүүтэй Засгийн газар. Ер нь даатгалтай гэсэн "малгай"-н дор онгоцоо эвдээд байх нь хэр зөв бэ. Болохгүй гэж хэлсээр байхад нь машинаа унаж гараад ундаг дугуйны замаар явж эвдчихээд даатгалаасаа мөнгө авна гээд нэхвэл даатгал танд мөнгө өгөх үү.
Ийнхүү мэдэхгүй юмаа мэддэггүйн гайгаар улс орныг маань маш ихээр хохироож байгаа тод жишээ нь М.Зоригт сайдын дээрх "муйхарлал”-аас харагдаж байна. Мөн нөгөө сайд маань сонгуулийн сурталчилгаагаа хийхээр Дорнод аймагт өдөр шөнөгүй нисдэг тэрэг буулгаж, хөөргөж байгаа сурагтай. Үүнийг зарим нь хэтэрхий их тансаглал хэмээн дургүйцэн хүлээн авч, энэ нөхөр хаанахын хэний мөнгөөр яваад байна вэ хэмээн дор бүрнээ хардацгааж байна. Аягүй бол цаадах чинь маргааш Боингоор Дорнодод буух вий дээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

