| |
Олимпийн наадам эхлээд хэдхэн хонож байна. Бөхийн жүдо барилдааны жингийн аваргууд эхнээсээ тодорч эхлэв. Өчигдөр өндөрлөсөн жүдо бөхийн 66 кг-ийн аварга шалгаруулах барилдааныг үзсэний дараа харалган гэмээр нэг бодол төрснийг нуух юун. Ер нь олимпийн аварга болох хүн цаанаасаа зурагдаад ирчихсэн байдаг бололтой. Өчигдөр 66 кг-ийн жинд медалийн тавцанд зогссон залуусыг харахад олимпийн наадамд аваргалах нь маш том хувь тохиол байдаг шиг. Японы бөх Масаши Эбинума гэхэд 2011, 2013, 2014 онуудад дэлхийд аваргалсан атал олимпийн наадамд энэ жил 2 дахь хүрэл медалиа зүүлээ (2012, 2016). Узбекстаны бөх Ришод Собиров 2010, 2011 онуудад дэлхийн аварга болсон ч олимпийн наадмаас энэ жил 3 дахь хүрэл медалиа хүртлээ (2008, 2012, 2016). Мөн энэ жингийн шинэхэн дэлхийн аварга Солонгосын бөх Ан Баул ч аварга болж дөнгөсөнгүй мөнгөн медаль зүүв. Харин Италийн залуу бөх Фабио Бaсилэ өрсөлдөгчдөө нураасаар олимпийн аварга боллоо. Яг л 2008 оны Бээжингийн олимпод чөлөөт бөхийн 55 кг-ийн жинд Америкийн залуу бөх Хенри Кежудо дэлхийн 4 удаагийн аварга Оросын бөх Бейсик Кудухов, бөхийн чөлөөт барилдааны дэлхийн 2 удаагийн аварга Узбекстаны бөх Дилшод Мансуров, манай бөх дэлхийн аваргын мөнгөн медальт Баяраагийн Наранбаатар нарын дундуур зүтгээд түрүүлчихсэн шиг. Хенри тэр үед Пан америкийн аваргад түрүүлснээс өөр гавьтай амжилт үзүүлээгүй битүү морь байсан. Италийн залуу бөх Фабио Бaсилэ ч мөн адил томоохон тэмцээнүүдээс медаль авч байгаагүй битүүхэн ирээд л аварга болоод явлаа.
Сонирхуулахад олимпийн наадамд аваргалж чадаагүй алдарт тамирчдыг цухас дурдвал бөхийн жүдо барилдааны дэлхийн 2 удаагийн аварга Рикки Накаяа, бөхийн чөлөөт барилдааны дэлхийн 3 удаагийн аварга Оросын бөх Вилял Махов, бөхийн жүдо барилдааны дэлхийн 2 удаагийн аварга Японы бөх Кейжи Сүзүки, бөхийн чөлөөт барилдааны дэлхийн 4 удаагийн аварга Оросын бөх Бейсик Кудухов, бөхийн чөлөөт барилдааны дэлхийн 2 удаагийн аварга Узбекстаны бөх Дилшод Мансуров, хөнгөн атлетикийн дэлхийн аварга Английн алдарт тамирчин Паула Радклиф, хөнгөн атлетикийн дэлхийн 3 удаагийн аварга Ямайкийн тамирчин Мерлин Оттей, хөнгөн атлетикийн дэлхийн аварга Ирландын алдарт тамирчин Сониа О’сулливан гээд цааш хөврөх байх.
Бичвэрийн төгсгөлд Японы жүдо бөхийн тамирчин Тадахиро Номураг дурдахгүй өнгөрч чадсангүй. Тэрээр 1996 оны Атланта, 2000 оны Сидней, 2004 оны Афины олимпод дараалан 3 удаа аваргалж байсан ёстой л олимпийн бурхан Зэвсийн хүү гэж нэрлэж болохоор аугаа тамирчин юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

