| |
Үндэсний статистикийн хорооноос Олон улсын хөдөлмөрийн байгууллагын урилгаар Филиппин улсад зохион байгуулагдаж буй "Ногоон ажлын байрны ойлголт, тодорхойлолт, түүнийг тодорхойлох арга зүй” техникийн семинарт цахимаар оролцож, өөрийн оронд зохион байгуулсан туршлагаас хуваалцжээ.
НҮБ-ын "Rio+20” тогтвортой хөгжлийн 2012 оны чуулганаар НҮБ-ыг ногоон эдийн засагт шилжихийг зорьж буй улс орнуудад дэмжлэг үзүүлэхийг уриалсан байдаг. Уг уриалгын дагуу НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, НҮБ-ын сургалт, судалгааны хүрээлэн хамтран ногоон эдийн засгийн стратеги боловсруулах, хэрэгжүүлэх зорилготой улс орнуудын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (НЭЗТТ)-ийг байгуулсан юм.
Уг түншлэлд манай улс тогтвортой хөгжлийн зам нь ногоон хөгжил байна гэж үзэн 2013 онд нэгдсэн билээ.
Монгол Улсын Их Хурал тэгш хүртээмжтэй ногоон эдийн засагт шилжих зорилгоор Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогыг 2014 онд баталсан бөгөөд уг баримт бичигт "Ногоон ажлын байр” нь нэг гол зорилт болж тусгагдсан. Монгол Улсын Үндэсний статистикийн хороо нь ногоон хөгжлийн бодлого, түүний үйл ажиллагааны төлөвлөлтөд дэмжлэг үзүүлэх зорилгоор олон улсын ойлголт, тодорхойлолтын дагуу ногоон эдийн засгийн үйл ажиллагаа, ногоон ажлын байр (тухайлбал, ногоон ажлын байрны тоо, түүний бүтэц, ногоон эдийн засагт эдийн засгийн нэгж, тодорхой бүлгийн ажиллагчдын оруулж буй хувь нэмэр)-ыг тодорхойлох туршилтын судалгааны ажлыг гүйцэтгэсэн юм.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

