| |
АНУ-ын Нью-Йорк хотод эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы салбар хуралдаануудаар 170 гаруй асуудлыг хэлэлцэх гэж байна. Энэ удаагийн чуулганыг Фижи улсын дипломатч асан Петер Томсон удирдан явуулж байгаа билээ. Чуулган "Тогтвортой хөгжилд хүрэх зорилго: дэлхийг өөрчлөх хүчин чармайлт” уриан дор явагдаж байна.
НҮБ-ын гишүүн 193 орны төлөөлөгч Сирийн иргэний дайн, дүрвэгчдийн асуудал, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр зэрэг тулгамдсан асуудлуудаар хэлэлцэнэ.
Энэ сарын 20-ноос олон улсын удирдагч нар Ерөнхий ассамблейд ээлжлэн үг хэлэх юм. Эхний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нарын удирдагчид илтгэх аж.
Ерөнхий ассамблейн 71 дүгээр чуулганд оролцогчид Хойд Солонгосын эсрэг хориг тавих тал дээр санал нэгдэх эсэх нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Түүнчлэн Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд үүнтэй холбоотойгоор мэдэгдэл хийхээр болжээ. БНАСАУ өнгөрсөн долоо хоногт тав дахь цөмийн туршилтаа явуулсан нь олон улсыг түгшээсэн. Үүний дараа Өмнөд Солонгос улс Хойд руу чиглэсэн сэтгэлзүйн дайралт хийхээр бэлтгэж байна. Өмнөдүүд Хойд Солонгос руу чиглүүлэн хилийн дагуу байрлуулсан хүчтэй чанга яригчийн системээ өргөжүүлэн аварга том дэлгэц хил дээр байрлуулж байгаа аж. Чанга яригчийн чадлаа дөрөв дахин өсгөжээ. Ухуулга хилийн орчимд амьдардаг хойд солонгосчуудад нөлөөлнө гэж Өмнөд Солонгос үзэж байна. Түүнчлэн АНУ БНАСАУ-ын пуужингийн технологи амжилттай хөгжсөнийг хүлээн зөвшөөрөөд "АНУ болон бүс нутаг дахь холбоотнууд ямар нэг хариу арга хэмжээ авах шаардлагатай болж байна” гэсэн юм. БНАСАУ нийт 15 удаагийн пуужингийн туршилт хийж, төрөл бүрийн 30 пуужин харваад байна. Тус улсын удирдагч Ким Чен Ун саяхан АНУ-д хандан Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй нөлөө бүхий орон гэж хүлээн зөвшөөр гэсэн билээ. Тэрбээр мөн өнгөрсөн гуравдугаар сард цөмийн зэвсгийг хэзээ ч хэрэглэхэд бэлэн байх тушаалыг цэргийнхэндээ өгсөн. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл үүний өмнөхөн Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авах талаар хуралдаад байв. Пхеньян энэ оны нэгдүгээр сард устөрөгчийн бөмбөг туршиж, хоёрдугаар сард пуужин хөөргөсний дараа тус улсын эсрэг шинэ хориг арга хэмжээнүүд тавигдсан билээ.
АНУ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгос улсыг баллистик пуужин хөөргөхийг хориглосон НҮБ-ын зөвлөлийн тогтоолыг удаа дараа зөрчиж байгааг сануулсаар байна. Гэвч хориг арга хэмжээ авсны дараа Хойд Солонгос дургүйцлээ илэрхийлэн ойрын зайн тусгалтай зургаан ширхэг пуужинг Японы тэнгис рүү харвасан. Ким Чен Ун армиа дайны бэлэн байдалд шилжүүлж, хилийн хамгаалалтаа нэмэгдүүлснээ олон улсаас ирэх аюулаас эрх ашгаа хамгаалахын тулд цөмийн зэвсгээ бэлэн байдалд шилжүүллээ гэж тайлбарлажээ. Тэрбээр хүссэн цагтаа цөмийн туршилт хийнэ гэж мэдэгдэн олны дургүйцлийг хүргэсэн.
НҮБ-ын шинэ даргыг сонгоно
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 71 дүгээр чуулганы төгсгөлд гишүүн орнуудын төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн шинэ даргыг сонгоно. Одоогийн тэргүүн Бан Ги Мүний бүрэн эрхийн хугацаа ирэх арванхоёрдугаар сарын 31-нд дуусах билээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар эмэгтэй хүн сонгогдох нь бараг тодорхой болоод байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Гэхдээ юм яаж эргэхийг хэн мэдэх билээ. Ерөнхий нарийн бичгийн даргын суудлын төлөө есөн хүн өрсөлдөж байгаагийн дөрөв нь эмэгтэй юм. Тэдэн дундаас "UNESCO”-гийн тэргүүн Ирина Бокова сонгогдох магадлал өндөр байна. Болгарын дипломат Ирина Бокова ялвал зүүн Европоос НҮБ-ыг толгойлох анхны хүн болох юм. Боковагийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Шинэ-Зеландын Ерөнхий сайд асан Хелен Кларк. Тэрбээр НҮБ-ын хамгийн том агентлаг "Хөгжлийн хөтөлбөр”-ийг толгойлж байсан, туршлагатай гэгддэг хатагтай. Гэвч нэг бүс нутгаас дараалан тэргүүн сонгохгүй байх бичигдээгүй хууль бий. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Ази-Номхон далайн бүс нутгийг төлөөлсөн билээ. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Хорватын Гадаад хэргийн сайд асан Весна Пусич, Молдаваас Наталья Герман нар нэр дэвшээд байгаа юм.
Хэрэгжилт дээр төвлөрөх ёстой гэв
НҮБ-ын Ерөнхий Ассеймблэйн ерөнхийлөгч Петер Томсон чуулганы нээлтийн үеэр хэлэхдээ "70 дахь чуулганаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэвшүүлсэн. Харин 71 дэх чуулганаар тус зорилтуудын хэрэгжилт дээр түлхүү төвлөрөх ёстой” гэлээ. Энэ сарын 20-ноос эхлэн тогтвортой хөгжлийн зорилт, дэлхий ертөнцийг өөрчлөх улс орнуудын оролцоо сэдвийн хүрээнд хэлэлцээд есдүгээр сарын 21-ний өдрөөс улс орнуудын удирдагчид чуулганд үг хэлэх билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын 21-ний өдөр болох НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний санаачилсан өндөр түвшний арга хэмжээнд оролцох юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

