| |
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг баривчилжээ. Тодруулбал, АТГ-аас "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллага, иргэнд үлэмж их хэмжээний хохирол учруулсан, хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж дүрмээр олгогдсон, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуй нэгжийн өмчийг итгэмжлэгдсэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсэн учраас онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2, 265 дугаар зүйлийн 2, 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар тооцон шалгаж байгаа ажээ.
Өнгөрсөн жил түүнийг баривчлахдаа батлан даалтад гаргаж байсан удаатай. Тэгвэл батлан даалтад байсан Г.Дэнзэнг дахин саатуулах болсон үндэслэл нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, оргон зайлахаас сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Г.Дэнзэнг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хориод байгаа ажээ.
Г.Дэнзэн ямар хэрэгт холбогдов
Түүнийг эхнэрийнхээ "Говь повер" ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэдэг үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Харин тэрбээр энэ асуудалд "Миний тухай сөрөг мэдээлэл их цацагдаж байна. Надад хууль зөрчсөн зүйл байхгүй. Тавантолгойгоос 17 тэрбумын тендер авсан зүйл байхгүй. "Говь повер” гэдэг компани байхгүй, хэзээ ч байгаагүй” гэх тайлбарыг өгч байжээ.
Г.Дэнзэн гэж хэн бэ?
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн "нуувчин” дор долоон жил явах болсон гэх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн гэж хэн бэ гэдэг нь олны анхаарлыг татсаар ирсэн. Түүний хувьд МУИС-ийг хэрэглээний математикч мэргэжлээр төгсөж, тооцон бодох, тоглоомны онолын чиглэлээр мэргэшсэн нэгэн. Мэргэжлээрээ төгсөөд сургуульдаа эрдэм шинжилгээний ажилтан, багшаар ажиллаж байхад нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хамтарч ажиллах санал тавьсан гэдэг. Харин Г.Дэнзэн нь өмнөх засгийн үед Тэргүүн Шадар сайдын Ажлын албанд ажилласан юм. Өөрөөр хэлбэл Н.Алтанхуягийн туслахаар өнгөрсөн дөрвөн жил ажиллаж байв. Үүний дараа буюу 2012 оны нэгдүгээр сараас "Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрт ажиллаж, УИХ-ын сонгуулийн үеэр АН-ын Шуурхай албаны даргаар томилогдсоны зэрэгцээ хяналт, шалгалтыг нь давхар хийж байсан байна. Ингээд УИХ-ын 2012 оны сонгуулиар АН олон суудал авахад түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилж байжээ.
Г.Лхагваа
/ZALUU.COM/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

