| |
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр Монгол Улс авлигатай тэмцэх бодлогоо тодорхойлж, албан ёсны баримт бичигтэй болсон билээ. Монгол Улс Авлигын эсрэг хууль баталж, Авлигатай тэмцэх газартай болж, төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд зарладаг болсон. Гэх мэт дэвшил гэж хэлж болохоор ажлыг манайхан хийсэн.
Эсэргүүцэж байгаа гишүүд юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр нэг хүнийг дахин дахин шийтгэж болохгүй, нэгэнт ял шийтгэлээ авчихсан байхад төрийн албанд ажиллах эрхийг нь хязгаарлаж болохгүй гэж байсан” хэмээн ярьсан байна билээ. Уг нь авлига авахаас урьдчилсан сэргийлэх зорилгоор хууль, үндэсний хөтөлбөр батлаад байгаа гэж мунхаглан бодох юм. Гэтэл УИХ-ын эрхэм гишүүд арай өөр зорилгоор энэ хөтөлбөрийг баталсан бололтой.
Тэр зорилгыг нь яаж бодоод таамаглаж чадахгүй юм байна, үнэндээ. Авлигаа ав, тэгээд шийтгүүлж ч болно, дараа нь төрд ажиллах, тэгээд бүр өндөр албан тушаалд томилогдох нь ч нээлттэй гэдэг байдлаар хандаад байгаа хэрэг биш үү. Уг нь Ж.Ганбаатар гишүүний санаа бол хамгийн зөв. Хэрвээ чи нөхөр минь, авлигын асуудалд холбогдоод, ял шийтгэл авбал дахиад төрд ойртуулахгүй шүү, тэр дундаа өндөр албан тушаалд гэсэн хориг биз дээ. Ингэвэл авлига авах байдал чинь арай буурмаар юм. Гэтэл давхар шийтгүүлж болохгүй ч гэх шиг.
Угаасаа авлигыг дэмжсэн өнгө аястай байгаа биз дээ. Зарим гишүүд нь бүр цагаандаа гарчихсан. Төрийн албан хаагчид бага цалинтай юм чинь, авлига авахгүй яах юм гэх маягийн юм яриад сууж байна. Нөгөө нэг нь болохоор ах, дүү, хамаатан саднаа төрийн албанд оруулах гэсэн чинь Ашиг сонирхлын хууль саад болоод байна. Тиймээс энэ хуулийг өөрчлөх хэрэгтэй гэх маягийн юм ярьж байгаа юм. Ийм байж болох уу.
МАН-ын гишүүд юун авлигын эсрэг тэмцэх, ерөөсөө л тэр чигээрээ хээл хахууль авахыг дэмжиж эхэллээ. Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр баталж, зүгээр л дүр үзүүлж байгаа юм биш үү, энэ хэд. Хамгийн чухал заалтаа дэмжилгүй, сүржин нэртэй дульхан хөтөлбөр л баталчихлаа даа. Хөрөнгө орлогын мэдүүлэг гэж нэг тоглоом байна. Өнгөрсөн жил нь асар их хөрөнгөтэй байсан нөхдүүд дараа жил мэдүүлгээ гаргахдаа "модоо барих” шахчихсан байдаг. Нэг л их байргүй, машингүй, хадгаламжгүй, ядарсан амьтад болох жишээтэй.
Яагаад тийм болчихов гэдгийг нь шалгадаг тогтолцоо байна уу, үгүй. Нөгөө талаас гэнэт жилийн дотор орлого нь хэдэн арав, зуун саяар нэмэгдчихдэг ч тохиолдол байна. Энэ жилийн хөрөнгө орлогын мэдүүлгийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулаад, хэний орлого айхтар нэмэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлж л байгаа. Гэтэл яагаад тэгтлээ сүрхий нэмэгдсэнийг шалгадаг тогтолцоо байна уу, бас л үгүй.
Ийм л нэг дүр үзүүлсэн Авлигатай тэмцэх тогтолцоо манайд байна. Тэгээд жижиг сажиг "жараахай” л дэгээддэг ажилтай. Гэтэл томчууд нь хамгийн чухал зүйл заалт хөтөлбөрт тусгаж өгөх гэхээр дэмжихгүй л байна. Ц.Нямдорж гишүүн өнөөдөр хамгийн гоё гоё үгийг хэлдэг, ярьдаг. Шударга үнэний төлөө тэмцэнэ гээд л байдаг. Гэтэл тэмцэж байгаа нь тэгээд энэ үү. МАН-ын лидер гэгдэж болохоор Ц.Нямдорж, Ц.Мөнх-Оргил, Сангийн сайдыг нь хүртэл хийж байгаа Б.Чойжилсүрэн тэргүүтэй хүмүүс дэмжихгүй унагаж байна шүү дээ, тэр заалтыг. Ийм л шударга ёс ярьсан шударга бустнууд энэ парламентад байна.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

