| |
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэж хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдэл гэж үзээд зөвлөмж гаргахаар болжээ. Энэ тухай хотын дарга С.Батболд болон Ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ж.Батбаясгалан, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч П.Баярхүү нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Үндэсний аюулгүй байдлын хуралдаанаар хотын даргын гаргасан гурван захирамжийг дэмжсэн байна.
Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжин суурьших хөдөлгөөнийг 2018 оны нэгдүгээр сар хүртэл хязгаарласан болон Агаарын бохирдлын тухай хуулийн бүсчлэлийг шинэчлэн тогтоох тухай заалтыг үндэслэсэн захирамж, мөн Багахангай, Багануур, Налайх, Төв аймгйин нутаг дэвсгэрт шинэ суурьшлын бүс тогтоох тухай гурван захирамжийнхаа талаар хотын дарга дэлгэрэнгүй танилцуулсан юм. Хотын утааг багасгах үүднээс яндантай айлуудыг судлах, түүхий нүүрсний хэрэглээг халж, шахмал түлш, дулаан үйлдвэрлэдэг цахилгаан халаагуур олгох болон сургууль цэцэрлэг, төрийн байгууллагуудад агаар шүүгч олгох замаар орчны бохирдолтой тэмцэхээр болжээ.
Мөн дөрвөн жилийн хугацаанд шинээр хүүхдийн эмнэлгийн барилга хоёрыг барьж, сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж, нам даралтын зуухаар халаалтаа шийдсэнийг шинэчилж, цахилгаанаар халдаг болгоно гэдгийг онцоллоо. Агаарын бохирдлын гамшгийн бүсэд амьдарч байгаа айл өрхүүдийг судалж, ахуй нөхцөлд нь тохирсон цахилгаан халаагуур, шахмал түлшийг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхээр болсон тухайгаа дуулгалаа. Энэ ажлын үр дүнд Улаанбаатар хотын нэг ч өрхийн яндангаас утаа гардаггүй болгохоор төлөвлөж, утаа гаргасан айл өрхтэй захиргааны хариуцлага тооцох аж. Иргэн бүр мэдээлэгч, агаарын бохирдлыг үүсгэгч этгээдтэй тэмцэгч байх шинэ саналыг тусган хэрэгжүүлнэ гэлээ. Энэ ажилд шаардлагатай төсөв мөнгийг хотын захиргаанаас шийдэж цахилгаан эх үүсвэр ашигладаг айл өрхийг бодлогоор дэмжиж байж болох бүхий л хөнгөлөлтийг эдлүүлэх бол утаа гаргаж байгаа айл өрх бүртэй хариуцлага тооцно гэдгийг мөн хэлсэн юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

