| |
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн иргэн Л.Сүрэнхүү Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Тост, Тосон бумбын нуруу болон Хуршуутын гол орчимд олгогдсон нүүрсний хоёр тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Ашигт Малтмал Газрын Тосны газрыг хариуцагчаар татжээ. Мөн УИХ-ын гишүүн байсан Ц.Оюунгэрэл иргэн Л.Сүрэнхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралд оролцохоор болсон байна. Энэ талаар өчигдөр мэдээлэл хийлээ.
Тост багийн иргэн Л.Сүрэнхүү "Би Өмнөговь аймгийн ногоочин хүн. Энэхүү уул уурхайн компани нь энэ оны гуравдугаар сарын 9-нөөс эхлээд миний амьдардаг, ногоо тарьж, мал малладаг газар үйл ажиллагаагаа явуулахаар шав тавьж, кэмп байгуулсан. Энэ кэмпээ байгуулахдаа газар, усны зөвшөөрөл аваагүй, нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй байгаа юм. Энэ бүгд нь дөрөвдүгээр сард миний хүсэлтээр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажилласан ажлын хэсгийн дүгнэлтээр батлагдсан. Энэхүү ашиглалтын лиценз авах үйл ажиллагааг би хууль бус гэж үзэж байгаа учраас Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ч урьдчилсан хэлэлцүүлэгт шүүхийн байгууллага миний хүсэлтийг хүлээж аваагүй. Тиймээс давж заалдах шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэлээ.
Гурвантэс суманд одоогоор зургаан уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдагаж. Харин иргэн Л.Сүрэнхүүгийн шүүхэд өгсөн компани нь "Сауд Гоби коулд транс” хэмээх компани юм байна. Давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 21-нд болохоор болжээ.
Б.БОЛОР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

